Музейн сарын орлого 5 000 000 төгрөг хаашаа ороод байнаа, БО-ны Сайд аа?

Говь нутгаар хийж буй аялалын сүүлчийн өдөр буюу 2010 оны 7 дугаар сарын 21. Маргааш өглөө эрт 5 цагт босож, нисэх онгоцны буудалд очих ёстой. Улаанбаатар хот орох нислэг өглөөний 7 цаг 50 минутад хөөрнө. Говьд өнгөрүүлж буй сүүлийн өдөр бид Ёлын ам гэх хавцал, хад асга бүхий уулын амыг үзлээ.

Уг нь энэ аман дахь уулсын оргил зундаа ч гэсэн мөстэй байдаг гэх боловч биднийг ирэхээс хоёр өдрийн өмнө хайлжээ. Арга ч үгүй биз дээ, ийм халуунд. Ёл гэх үзэсгэлэнт шувууг ч олж харлаа. Миний бие говь нутгийг элсэн цөл мэт төсөөлж явсан нь Говийн Баянбүрд хэмээх энгэрээр нь дүүрэн арц ургасан өндөр уулсыг хараад Говьд бас Алтай, Хангай, Тайга нутгийг санагдуулам байгалийн өвөрмөц тогтоц байдгийг өөрийн нүдээр үзсэний эцэст бүрэн өөрчлөгдсөн юм.

Энэ амаас доошлоод “Байгалийн музей” гэх хаягтай орон нутгийн музейгээр зочилно. Уулын аманд ч явсан нутгийн залуус, хүүхэд багачууд зураг, хатгамал, эртний эд өлгийн зүйлс, чулуу, мод зэрэг зарж болох бараа таваар борлуулж байх. Хоёр жуулчин маань Монгол зургийг нэлээд сонирхож байхаар нь сайтар тайлбарласны эцэст 50 000 төгрөгийн зураг тэд худалдаж авлаа. Ингэж орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжиж, хөрөнгө оруулалт нөлөөлж чадсандаа миний хувьд баяртай явна.

/Photos by Shinee/

Музейд орлоо. Хаа ч явсан харийн жуулчин, Монгол хүнээс илүү өртөг шингэсэн үнээр тасалбар худалдаж авдаг юм байна. Энэ музейд Өмнөговь аймгийн хэмжээнд байдаг ан амьтан, өвс ургамал, эрдэс баялаг, үлэг гүрвэлийн өндөгний олдоц, чихмэл дүүрэн. Музейн үзмэр өвөрмөц сонин ч, барилгын дотор талыг ажиглахгүй байхын аргагүй байлаа. Хэдэн жилийн өмнө засвар хийсэн юм бол гэж өөрийн эрхгүй бодогдов. Халцарч хууларсан хана, завсар гарч хотолзон шажигнасан шал.

Музейн тайлбарлагч эмэгтэй нэлээд ядарсан шинжтэй харагдана. Иргэний сэтгүүлч би бээр энэ эмэгтэйгээс цөөн хэдэн асуулт асуугаад амжсан юм.

-       Та энэ музейд ажиллаад хэр удаж байна вэ?

-       Би сүүлийн дөрвөн жил энд ажиллаж байна.

-       Өнөөдөр нэлээд олон жуулчин байх шиг байна. Бидний араас гурван машинтай 25 хүний бүрэлдэхүүнтэй жуулчид ирж яваа. Ер нь дандаа ийм байдаг уу?

-       Ер нь энэ жил маш олон жуулчинтай байна. Өнгөрсөн жил харьцангуй бага байсан. Ирэх жил нэмэгдэх байх аа.

-       Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ? Хүндрэл бэрхшээл гээд яривал асуудал байдаг л байх даа?

-       Байлгүй яах вэ дээ. Бид чинь өглөөн нарнаас оройн бүрий болтол ажилладаг. Гэхдээ яах вэ, улирлын чанартай энэ ажилдаа дасчихсан. Орлого л сайн олох ёстой байдаг юм.

-       Орлого олох ёстой гэдэг нь?

-       Биднийг сард 5 000 000 /таван сая/ төгрөгийн орлого заавал ол гэж даалгадаг юм.

-       Жуулчин ирж, музей үзэхгүй бол яах юм?

-       Ямар ч байсан л ол гэдэг юм. Тэгээд л яаж ийж байгаад л олох гээд зүтгэчихнэ дээ. /яаж ийж гэдгийг нь үнэхээр ойлгосонгүй. Харийн жуулчны халааснаас булааж аваад музейгээ үзүүлдэггүй л байж таарна-ред/

-       Та цаг наргүй ажилладаг гэлээ. Илүү цагийн мөнгө гэж авдаг биз дээ?

-       Юу гэж дээ, миний дүү. Би чинь сард 135 000 төгрөгийн л цалин авдаг. /ёстой итгэмээргүй/ Орлогоо тушааж байж л цалингаа авах гэж байдгаараа хичээж байна.

-    Энэ музейн орлогыг хаана тушаадаг гэж?

-       Шууд л улсын санд тушаадаг байхгүй юу.

-       Музейн байшин их муудаж, хуучирсан харагдаж байна.  Та нар музейгээ засаж, сэлбэдэггүй юм уу?

-       Харин хэлээд яах вэ. Сүүлийн хэдэн жил их засвар хийгээгүй. Төрөөс өгдөг жоохон мөнгөөр нь нүд хуурч, өнгөлсөн болоод л ирэх зуныг угтана.

-       Энэ музейн орлогоос тодорхой хувийг та нарт музейг засаж янзла гэж өгдөггүй юм уу?

-       Үгүй үгүй. Тийм юм байхгүй. Хаашаа ордог юм бүү мэд, эгч нь мэдэхгүй. Улсын санд л тушаадаг. Эргэж нэг ч төгрөг ирдэггүй.

-       За за, ярилцсан танд их баярлалаа. Нутаг усныхаа ховор нандин амьтан, ургамлыг харийн хүнд танилцуулаад өглөөн нарнаас үдшийн бүрий унатал ажиллаж яваа та бүхний ажил үйлс бүтэмжтэй, орлого нь арвин байг!

-       Зүгээр дээ. Дараа дахиад олон жуулчинтай ирж, орлого сайн оруулаарай.

Тайлбарлагч эмэтгтэй ийн  хэлээд инээмсэглэж биднийг үдсэн юм.

Манай хоёр жуулчин музейгээс гарахаас өмнө сэтгэгдлээ бичиж үлдээсэн. Би ч мөн адил. Харин нэгэн Франц хүний бичсэн сэтгэгдлийг уншихад “ музей нь дэндүү хуучирч муудаж. Дотроо ариун цэврийн өрөөгүй. Гадаа гарч байж, МОДОН жорлонд орлоо. Хүн орохын аргагүй өмхий муухай, өт хорхойгоор дүүрэн байна. Монгол орон сайхан ч ийм муухай зүйл үзнэ гэж бодсонгүй. Энийг л үзэн ядлаа” гэж бичсэн байлаа. Ямар их ичив ээ. Хөөрхий музейн тайлбарлагч эмэгтэй энэ бүхнийг мэдээ ч үгүй байгаа.

Зуны 3-4 сард музей ажилладаг. Сард 5 000 000 төгрөгийн орлогыг улсын санд тушаадаг гээд бодохоор 15 000 000 – 20 000 000 төгрөг болж байна. Тэгвэл энэ орлогын зохих хувийг энэ музейд зарцуулж, боловсон ариун цэврийн өрөө байгуулж, ажиллаж буй хүмүүсийнх нь цалинг нэмж болдоггүй юм болов уу?

Уг орлогыг хэн, юунд зарцуулдаг нь тодорхойгүй байна.  Орон нутгийн хичнээн олон музей байдаг билээ. Ёлын аманд хүртэл гадаа жорлонтой, хүн орохын аргагүй, гадуур нь дүүрэн хог хаягдал, үнэр танарыг бичих ч аргагүй. Яагаад ийм байдалтай байна вэ? Ганц ч төгрөг толгой мэдээд зарцуулж чадахгүй орон нутгийн музейн тайлбарлагч бүсгүй энэ асуудлыг шийдэхгүй нь тодорхой. Энэ асуудлыг эргэн харж, дорвитой шийд гаргаж, шийдвэртэй алхам хийх цаг нь өнгөрчихөөд байна гэж орон нутгийн засаг захиргаа, Байгаль орчны асуудал эрхэлсэн шат шатны удирдлагуудад дуулгамаар байна.

Ирэх жил дахиад л зун болно. Олон олон жуулчин манай улсыг зорих нь гарцаагүй. Иймэрхүү байдалтай хэвээр байвал харийн хүний халааснаас хэдэн бор юм салгах гэж хөлсөө дуслуулан, гүрийж суугаа музейн ажилчид гүрийдгээрээ гүрийж, жуулчид гаднаа хэлэхгүй ч дотроо ой гутам жорлонгийн тухай бодол тээсээр буцах болно.

Байгаль орчны сайд аа, орон нутгийн музей рүү анхаарлаа яаран хандуулаач ээ!!! Тэгж чадваас, хөөрхий ажилчид нь харийн жуулчны өмнө ичиж суулгүй, эх орноороо сэтгэл дүүрэн бахархах байх даа.

2 thoughts on “Музейн сарын орлого 5 000 000 төгрөг хаашаа ороод байнаа, БО-ны Сайд аа?

  1. Pingback: Tweets that mention Nomad Green | Музейн сарын орлого 5 000 000 төгрөг хаашаа ороод байнаа, БО-ны Сайд аа? -- Topsy.com

  2. Saaral on

    Жил болгон өч төчнөөн зуун мянгаар нь жуулчин авна гэсэн том тоо цаасан дээр төлөвлөөд мэдээ болгоноор хоосон ярьж пиардацгаах юм. Гэтэл жуулчдыг жинхэнээсээ татах ёстой иймэрхүү үйлчилгээнүүдээ сайжруулаагүй байж ямар юмных нь олон жуулчин татахав дээ. Магадгүй франц жуулчин блогтоо эсвэл фликкертээ энэ талаар бичиж найз нөхөд, танилууддаа ярьсан л байж таараа. Түүнийг уншсан, сонссон хүн болгонд сөрөг сурталчилгаа болох нь мэдээжийн хэрэг шүү дээ. Нээрээ өөдтэйхэн төр засагтай ч болоосой. Гэснээс нийтлэгчийг Монгол телевизэд ажилладаг гэж сая л мэдлээ, нууц биш бол аль хэсэгт нь хамаардаг вэ. Юу гэхлээр Монгол телевизийн киноны орчуулга бусад ямар ч телвизүүдийг дагуулахгүйгээр маш сайн байдаг. Харин шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлгүүдийн орчуулга тийм ч сайн бус санагддаг юм. Эхнийхэд нь хамаардаг бол баярлалаа гэж, эцсийхэнд нь хамаарагддаг бол цаашид анхаараарай гэж хэлэх гэсэн юм.

    • shinee on

      Би бээр эхний хэсэгт нь хамаардаг болой. Хоёр дахь хэсгийг өөр редакци хариуцаж хийдэг тул зөрүүтэй байж болох талтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>