Индонейз охин: Монголчууд эрх чөлөөтэй, өндөр боловсролтой, аз жаргалтай ард түмэн байх аа

Тайвань орноор хийж буй аялал үргэлжилж, элдвийг сонирхон сонжиж, гайхан биширч явсаар. Өнөөдөр 2010 оны 4 сарын 30-ны өдөр. Одоо 19 цаг 15 минут болж байна. Бид оройн хоолоо идэх гэж байна. Оройн хоолны үеэр Төвд Монголын Хорооны Монгол талын асуудал эрхэлсэн эрхэм Баатар Хай, Индонейз улсаас ирж суралцаж буй нэгэн охины хамт ирж, бидэнтэй танилцан яриа өрнүүллээ.

Иргэний сэтгүүлч миний бие хамт ирсэн охиныг нэлээд өхөөрдөж, бас хэд гурван үг солих завшаан хайлаа. Намхан нуруутай, бор царайтай, Тайваньчуудаас өөр дүр төрхтэй энэ оюутантай зэрэгцэж сууснаар цөөн хором ярилцах боломж олдов.

-       Таны алдар нэр хэн бэ? Хоёулаа танилцъя. Намайг С.Шинэцэцэг гэдэг. Би Монгол улсын Номадгриин мэдээллийн сайтын иргэний сэтгүүлчдийн нэг төлөөлөл байна.

-       Намайг Neny /Нэни/ гэдэг. Танилцсандаа таатай байна

-       Та, Тайвань улсад ямар зорилгоор ирсэн байгаа вэ?

-       Би энд Хятад хэлний сургуульд суралцдаг, оюутан хүн.

-       Та энэ улсад ирээд хэдэн жил суралцаж байна?

-       Би бараг дөрвөн жил болох гэж байна. Энэ жил төгсөх ангийн оюутан болсон.

-       Таны судалдаг чиглэлийг лавлаж асууж болох уу?

-       Би Хятад хэл үзэхээс гадна Хятадын уран зохиолыг сонирхон үзэж байгаа.

-       Та чухам яагаад заавал Тайвань улсад ирж суралцах болсон юм бэ?

-       Намайг энд ирж сурахад тусалсан сайхан сэтгэлтэй, олон Тайвань хүн бий. Би энэ хүмүүст маш их баярлаж явдаг юм. Би танд илэн далангүй хэлье. Миний аав 2004 оны 12 дугаар сард Цунами болоход сураггүй алга болсон юм. 200 гаруй хүн сураггүй алга болж, нэлээд олон хүн нас барсан.  Ээж минь саа өвчнөөр бас нас барсан юм. Тэгээд надад очих газар, сарвайх хүнгүй болсон. Харин азаар сайхан сэтгэлтэй Тайвань хүмүүсийн ачаар би орох гэр, сурах ном, ярих нөхөдтэй болж, өдий зэрэгтэй явж байна.

-       Надад тун их харамсалтай байна. Эцэг эх хоёр нь хэдий таны дэргэд байхгүй ч тэнгэрийн оронд амгалан нойрсож байгаа гэдэгт би итгэж байна. Танаас өөр ийм зовлон амсаж яваа олон Индонейз хүн байдаг байх. Мэдээж бүгдийг нь нааш нь авчирч сургах, харж халамжлах боломж хомс байх нь ойлгомжтой. Тэгэхээр танд ийм аз таарсан нь таны азтайнх гэж би бодож байна.

-       Тийм ээ , би их азтай хүн. Аав ээж хоёрын минь сүнс дээрээс харж байгаа.

-       Та өөрийн эх орноо, Тайвань улстай харьцуулж хараад ямар ялгаа олж харсан бэ?

-       Хамгийн гол нь уур амьсгалын ялгаа байна. Манай улсад өвөл гэдэг улирал байдаггүй. Энд харин өвөлтэй бөгөөд өвөлдөө их хүйтэрдэг юм билээ /инээв/, /Тайвань улс жилийн дөрвөн улиралтай,  өвөлдөө + 7-оос + 10 хэм байдаг/.

-       Тэгвэл ямар төстэй тал байна вэ?

-       Хүмүүс нь их нөхөрсөг, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг. Заримдаа би эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Тайвань хүмүүс бусдад их тусалдаг ард түмэн. /Байсгээд л цунами, газар хөдлөлт болж, сүйрсэн газар нутгаа нөхөн сэргээх гэж бүгдээрээ гар бие оролцож, байдгаараа зүтгэдэг ард түмэн болоод бусдын зовлонг чин сэтгэлээсээ ойлгож, тусалдаг нь Тайваньчуудын онцлог -ред/.

-       Та дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар сонирхдог уу?

-       Бага зэрэг л. Гэхдээ мэдээж сэтгэл зовж явдаг.  Нодлин жил Тайваньд их хүйтэн өвөл болсон. Гэтэл энэ өвөл арай дулаахан өвөлжив үү гэж бодогдсон. Хамаагүй дулаан байсан юм байна. Би айхтар даараагүй /инээв/. Энэ дэлхийн дулааралтай холбоотой гэж үзэж байна.

-       Тэгэлгүй яах вэ. Би танаас арай өөр асуулт асууя. Та Монгол орны тухай сонсож байсан уу?

-       Сонссон. Манай сургуульд нэг Монгол оюутан сурдаг. Морины тухай маш их ярьдаг. Би морь унаж үзмээр санагддаг. Гэхдээ танай орон арай л хол байдаг /инээв/.

-       Манай сайхан оронд очих боломж тохиовол та заавал зочлоорой. Морь унахад тань тусалж болно.

-       Баярлалаа.

-       Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Цөөн хэдэн хором ч гэсэн бид биенээ сайн ойлгож, халуун яриа өрнүүлж чадлаа. Та манай уншигчдад хандаж юу хэлмээр байна вэ?

-       Би танай сайт руу орж үзнэ ээ. Миний ярилцлага англи хэл дээр нийтлэгдэнэ гэж таныг хэлэхэд би их баярласан. Хэвлэгдэхээр нь та заавал линкийг нь явуулаарай. Би нэг л Монгол оюутныг таньдаг байсан бол одоо та бүхэнтэй танилцаж, танилын хүрээ өргөжиж байгаад баяртай байна. Монголчуудын талаарх бодол минь нэлээд өөрчлөгдлөө. Тантай яриад сууж байхад Монголчууд эрх чөлөөтэй, өндөр боловсролтой, баруунжсан, жаргалтай ард түмэн юм байна гэж бодогдлоо. Бас их өндөр /инээв – энэ бүсгүй намхан нуруутай  тул би хажууд нь их өндөр харагдсан бололтой ред/. Танай сайхан оронд очих боломж олдвол би заавал очино оо.

-       Маш их баярлалаа. Таныг очвол цэлгэр сайхан, уудам нутагт Монгол орон минь тосоод л авна гэж ерөөлийн үг дэлбэснээр бид хоёрын ярилцлага өндөрлөлөө.

Энэ оюутан бүсгүйтэй ярилцаж суухад арлын орны хүмүүс ийм бүрэг ичимхий байдаг юм болов уу, эсвэл хөөрхий охин зовлон хагацал үзсэн болоод амьдралд нухлагдсандаа тэр юм болов уу гэж гайхах бас өрөвдөх сэтгэл зэрэгцэж байлаа. Тайвань арлын оронд ч гэсэн хоёр гуравхан жилийн өмнө цунами нэрмэсэн, газар хөдлөлт болоод, одоо нөхөн сэргээж байгаа юм гэх тодотголтой олон газар таарсан. Үер ус, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг арлын орныг тойрдоггүй нь гаслантай.

Далайтай хиллэдэг, арлын орныг нөмөрдөг дээрх байгалийн гамшгаас холуур байдаг Монгол эх газрын ард түмэн бид ч энэ охины хэлснээр үнэхээр жаргалтай ард түмэн юм байна даа.

3 thoughts on “Индонейз охин: Монголчууд эрх чөлөөтэй, өндөр боловсролтой, аз жаргалтай ард түмэн байх аа

  1. Saaral on

    Индонез гэж нэг зовсон ард түмэн байдаг юм шиг байна лээ. Байнга л гамшиг болж байдаг, нэг бол галт уул нь дэлбэрэнэ, эсвэл цунами, газар хөдлөлт бол байнга. Ядаж байхад төр засаг нь бас манайх шиг авилгад идэгдчихсэн. Гэхдээ арми нь их хүчирхэг, австраличуудыг чичрүүлдэг юм гэсэн. Манайхан хятадуудад дургүй шиг дээр үеээс уламжилсан түүхэн шалтгаанаар австраличууд индонезүүдэд дургүй байдаг юм байх. Сонирхуулахад индонезид гэр бүлийн хамгийн үнэтэй өмч нь зурагт байдаг юм гэсэн. Түймэр, үер болоод гэр сууц нь сүйдэхэд хамгийн түрүүнд зурагтаа аврахыг хичээдэг. Сууцыг бол мөчир мод юухан хээхнээр хэзээ ч барьж болдог, харин зурагтыг бол дахиж худалдаж авахын тулд 1 хүний бараг жилийн цалинг хураах хэрэгтэй болно. Ихэнхдээ японоос хуучин зурагт импортлодог юм гэсэн. Нээрээ л би тэд нараас илүү жаргалтай улсууд, гэхдээ

    • Saaral on

      Мартсанаас шашин хоорондын зөрчилтэй. Бас элдэв террорист, салан тусгаарлах үзэлтэй хүмүүс цөөнгүй байдаг. Жуулчлалын төв гэгддэг Бали арал руу нь нэг удаа явах боломж олдож, үүнийгээ хилээр нэвтрэх ёстой хугацаанаас 1 сарын өмнө л мэдсэн юм. Гэтэл монгол хүнд виз олгох эсэхийг судлахад 3 сарын хугацаа зарцуулдаг гэж хүнд сурталдуулаад явж чадаагүй. Террор энэ тэртэй холбооотойгоор гадныхныг шалгадаг л байх л даа, манайхан ямар юмных нь террор хийхэв, япончууд лав визагүй ордог юм байна лээ. Та нар минь хэрэв тийшээ явах бол визээ эртнээс хөөцөлдөцгөөж байгаарай.

      • shinee on

        Saaral,
        thanks for you comments. and i have one request for you to donate your rating for our articles and interviews as well.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>