АЛТЫН ЭРЭЛД МОРДСОН ХОЙМОР НУТГИЙН ТЭМДЭГЛЭЛ

Хөвсгөл аймгийн Улаан уул сумын үзэсгэлэн төгөлдөр газар нутагт  эртнээс нааш алтны хайгуулчид, эрэлчид олборолт хийж байж. Бүр социализмийн үед Орос ах нар алт ухаж байсан аж.

Алтны ил уурхайн орд Улаан-уул сумын хэд хэдэн газарт тухайлбал Ногоон гол хэмээх алс хязгаар нутагт олджээ.  Ногоон гол -ын алтны ордыг ан хийж явсан монгол эр анх олсон гэдэг.  Тэрээр голоос ус уух гэж байгаад алтыг анх харжээ.  Түүнийгээ нутгийн олонд дуулгасан боловч социалзмийн үед хүмүүс зүрхэлж ирээгүй аж. Гэтэл Оросууд ашигладаг байсан гэж нутгийн иргэд хуучилж байна. Тэр үед Орос ах нар яаж алт олборлодог байсныг нутгийн ардууд мэдэхгүй, гэхдээ хоёр улсын засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу ухаж байсан байх гэж таамаглаж байна.

Энэ хязгаар нутагт хилийн цэргийн эргүүлээс өөр хүний бараа харагддаггүй байсан бол одоо өвөлдөө 300, зундаа 2000 хүн алт ухаж амьдрал залгуулж байна. Энд өдөрт 2-3 цаг л нартай, бусад цагт зөвхөн гэгээтэй байдаг ажээ. Өндөр хавцал дундуур урсах голын эргээр алт ухагчид өвлийн тэсгэм хүйтэн, замын бартаа саадыг үл ажиран улайран ажиллаж байна. Тэд мөнгө олох гэж ирсэн тэд гэрэл гэгээг үл анзааран улайрна.

Ногоон гол хэмээх  энэ газар  Улаан уул сумаас 125 км алс. Хөвсгөл аймгаас Улаан-уул сум хүртэл 170 км. Энэ хооронд тээврийн зардал 15000 төгрөг. Сумын төвөөс Саяан баг хүртэл 45 км, энэ хооронд 15000 төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Саян багаас Ногоон гол хүртэл 80 км газарт мөнгөтэй нэг нь 100.000 төгрөгөөр цаа буга эсвэл 200.000 төгрөгөөр морь хөлслөнө.  Харин мөнгө муутай нь явган явж алтны ордод хүрнэ.

Хэрэв морь хөлслөж хүрвэл тэнд нь махлаж зарахаас өөр арга байдаггүй гэж нутгийн иргэд хуучилж байна. Очоод моринд өгөх өвс тэжээл байхгүй, учир нь 50 -100 см гүн цас бүрхүүл нилэнхүйдээ тогтсон байдаг. Морь нэг талдаа явж хүрээд нуруу нь халцардаг тул буцаж чаддаггүй. Тиймээс унаж очсон морийг махлаж зарахаас өөр арга байдаггүй гэнэ.

Морины махыг хувааж гэр мах болгон зарна. Гэр мах гэдэг нь нэг хавирга, нэг сээр, хүзүү багахан шиг хэмжээтэй дотор махнаас бүрдэнэ. Нэг гэр мах 30000 төгрөг,  нэг морь 1200000 төгрөг болдог. Хамгийн аймшигтай нь унаж  очсон морио алаад иднэ гэдэг үнэхээр монголоо алдаж гүйцсэний шинж биш гэж үү? Харин тэд үүнээс өөр гарц байхгүй гэж учирлан ярина.

Нэг хүн хамгийн ихээр бодоход 10-15 кг ачаа үүрч очно. Үүргэвчинд  ихэвчлэн хүнс байх ба энэ хүнс зөвхөн 10 хоногийн хоол болно. Тэгээд цаашид ажиллах болбол хүнс худалдаж авна.  Хүнс маш үнэтэй. 1300 төгрөгийн үнэтэй 1кг боорцог -3000 төгрөг, 450 төгрөгийн үнэтэй Улааншонхор нэг хайрцаг тамхи -3000 төгрөг, 2500 төгрөгийн үнэтэй Далай ээж 500 гр архи -25000 төгрөгөөр зарагдана. Энд юмны үнэ хаданд гарч байна. Хоол хүнсээ зөв тооцоолж очихгүй бол олсон хэдийгээ хоолонд зараад гэртээ буцаж чадахгүй болно.

Хангай дэлхий хишиг буянаа хайрлахгүй бол бас л хоног өнгөрөх тусам хоолны асуудал хүндэрнэ. Тэнд очсон хүмүүс олон олон явган шог зохиож цагийг өнгөрүүлдэг. Тухайлбал, олз ашиггүй удаан суувал гэдсийг чинь өлсгөхгүй, гэрт чинь хариулахгүй гэж хошигноно. Гэхдээ тэд шог гэхээс илүүтэй тэнгэрийн гэсгээл гэж үзэн, очсон хүн бүр л тэнгэр хангайгаас олз буянаа хайрла гэж мөргөдөг гэнэ. Хэрэв том хэмжээний бух олбол өглөгч зангаар хүн бүрт ашиг хүртээнэ. Мөн үүнийгээ тэмдэглэн архи ууцгаана. Нүхэндээ архи уувал алт их гардаг гэсэн домогт тэд итгэнэ, тиймээс энэ аргыг хэрэглэнэ. Ер янз бүрийн дом их хийдэг гэнэ. Арга ч үгүй биздээ байгаль дэлхийтэй шууд харилцдаг цаатан үндэстэнтэй хамт аж төрдөг тэдэнд бага ч гэсэн дом ёсыг үйлдэх сонирхолтой нь уулзсан хүн бүрийн амнаас сонсдож байлаа.

Алтны хайгуулчид  2-3 м доош гүн ухаад ул хөрсөнд тулж хажуу тийш нүхлэн ухаж шороогоо зөөн угаана, шигшинэ. Энэ бол алт олборлох технологи.  Хойморь нутгийн хүн бүр бараг хөлтэй нь хөлхөж, хөлгүй мөлхөж алтны хайж байна.  Алт хамгийн энгийн аргаар олборлох боломжтой мөн хамгийн нөөц элбэгтэй газруудын нэг бол Ногоон гол, гэвч очих газрын бартаа саад их боловч саадыг даван туулан очиж өөрсдийн хүссэнээ олж байна.  Сумын албан хаагчид чөлөө аван очиж долоо хоног ухаад азтай нэг нь олзтой, аз муутай нэг нь хоосон ирдэг гэнэ.

Тэнд анх очоод алт олборлон 19 хонож, 1 сая төгрөгийн ашиг олсон залуутай хөөрөлдлөө.  Тэрээр нэг удаа явган явж хүрээд наймуулаа нэг баг болж ажиллаад хүн бүр сая төгрөгийн ашиг хүртсэн тухай ярьж байна. Гэхдээ багаар ажиллахын ашиг тусыг нинжаа нар сайн ойлгодог болжээ. Нэг багт найм гишүүнтэй байх нь хамгийн ашигтай аж. Нэг хүн түлээ, усаа цуглуулж хоол, ундаа цэгцлэх, хоёр нь шороо шигших, гурав нь хөндийлөн ухах, өөр нэг хоёр нь ухсан шороог зөөх үүрэгтэй байдаг. Олсон ашгаа яг тэнцүүхэн хувааж авна. Олборлолт хийж байгаа хүмүүс нэгнийхээ илүү хөдөлгөөнийг алдахгүй ажиглана. Хэрэв илүү хөдөлгөөн хийж,  ил гарсан алтыг өөрийн биед нууцалбал, багийн гишүүд түүнээс шууд зайгаа барьж холдоно. Нэг ёсондоо түүнтэй дахин ажиллах сонирхолгүй болно гэсэн үг, тэр ганцаардаж ажилгүй болно. Дахиад баг олох гэж шунавал хоол хүнсэндээ шатна.

Тэднийг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг сануулахад үгүй, байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг гэлээ. Өвөл олон газар ухаж нүх сүв үүсгэсэн ч хаврын шар усны үеэрээ эсвэл зун бороо ороход тэр хавийн ухсан нүхийг шороогоор дүүргэдэг. Тиймээс гэр аргаар алт олборлогчид байгальд огт санаа зовохгүй байгаа тухайгаа нуулгүй хэлж байлаа.  Тэнд бас их бартаа саадтай газар хүрч алт олборлохыг үзье гэвэл нэг оч, үхье гэвэл хоёр оч гэсэн бас хэлц гаргаж амжсан байна. Очсон хүн хоосон ирэх нь өдрийн одтой адил бололтой. Төсвийн байгууллагын ажилчдын хувьд тодорхой хэмжээний ашиг олж өрөө дараад өөртөө бас жаахан юм наавал маш ашигтай ажилласан гэж үздэг гэнэ.

Ийнхүү Хөвсгөлийнхөн бараг бүгдээрээ алтнын эрэлд морджээ. Алт дагасан амьдарлын эрээн барааныг өнөөдөр хэвлэл мэдээллээр байнга бичдэг. Алт ухаад хожсон, баяжсан хүн байдаггүй л гэдэг юм байна лээ.

Газрын гагнаас гэдэг алтын бага ухаж, байгаль дэлхийгээ багахан сүйтгэх сэн дээ.

2 thoughts on “АЛТЫН ЭРЭЛД МОРДСОН ХОЙМОР НУТГИЙН ТЭМДЭГЛЭЛ

  1. Boum on

    Great article, gold would destroy the nature and environment, how should we protect us, if the government do not take serious action for stopping that criminal action some citizens of this country.
    Actually we army and police, we should use the power of this organization, which cost us always money, now is time to get benefit for nature and for us.
    Green Coalition

  2. Portnoy on

    It is like killing a goose for an egg. And it is really a joke that those gold searchers said that rehabilitation is not necessary.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>