ГАЗАР ХӨДЛӨЛТ ОРЧИН ҮЕИЙН БАРИЛГЫН ЧАНАРЫГ ШАЛГАВ

Бүтэн хэмжээгээрх зургийг харах Өнөөдөр манай нийслэлд бүтээн байгуулалтыг илтгэсэн олон сайхан барилга хотын  үзэмжид өнгө нэмж сүндэрлэн боссоор байна. Хүмүүсийн амин чухал хэрэгцээ болох орон сууцны барилга нэмэгдэж буй нь сайшаалтай боловч сайны хажуугаар саар гэгчээр чанар муутай барилгууд баригдаж байгаа нь бидэнд эргэлзээ төрүүлж байна.  Хэлбэр болоод хийцийн өргөн шийдэлтэй гоёмсог барилгууд ашгийн хойноос хэт хөөцөлдөж, оршин суугчдаа эрсдэлд  хүргэж  байгаа нь бодит  үнэн. Иймд бизнес эрхлэгчид хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн үйл ажиллагаагаараа ашиг олдог байх ёстой. Тиймдээ ч нийгмийн өмнө, хуулийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй.  Гэвч тэд тогтсон стандарт, дүрэм журмыг үл тоон,  төрийн хяналтыг уландаа гишгэж  буйн жишээ бол улсын комисст хүлээлгэн өгөөгүй атлаа  ажил,  үйлчилгэ явуулж байгаа явдал юм.

Монгол орны баруун болон төв хэсэг нь газар хөдлөлтийн аюултай бүсэд тооцогддог. 1905 онд Булнайн нуруу, 1957 онд Говь-Алтайн Их Богд,1967 онд Булган аймгийн Могод суманд Рихтерийн шаталбараар долоогоос дээш магнитудтай газар хөдлөлт болж, тухайн газар хөдлөлтийн орчимд хүн ам сийрэг, барилга байшин цөөнтэй байсан тулдаа хүн эндэх, эд хөрөнгө эвдэрч сүйрээгүй. Булнайн нурууны газар хөдлөлтийн дараа газрын гадаргууд том, том нуур үүсч тогтсон байгаа нь газрын гадаргуу хэрхэн деформацид орж, долгиолж байсныг илтгэнэ. Жишээ нь, Улаанбаатарын ойр орчимд долоон магнитуд газар хөдлөлт боллоо гэж үзэхэд хотын бүх хүнд мэдрэгдэж, газар хөдлөлтөд тэсвэртэй баригдсан барилгууд багахан гэмтэж, ердийн бат бэх байшингууд багаас дунд зэрэг, муу байшингууд нэлээд гэмтэж, зарим яндан хоолой эвдэрнэ. Эндээс үзэхэд газар хөдлөлтөд тэсвэртэй байшин барих зайлшгүй шаардлага урган гарч байна. Газар хөдлөлтөд тэсвэртэй байшин барихад барилгын материалын чанар, стандартаас гадна тухайн байшингийн суурь, фундамент болох газрын хөрсний судалгааг дээд зэргийн чанартай, иж бүрэн хийсэн байх шаардлагатай. Юуны түрүүнд хөрсний уян хатан чанар сэвсгэр хөрсний зузаан, уст үе болон цэвдгийн байрлал, геологийн хагарал түүний өргөн зэргийг тогтоож газар хөдлөлтийн микро мужлалын зурагтай харьцуулсан судалгаа хийж үр дүнг барилгын бүтэцэд тусгах ёстой.

Энэ чиглэлийн ажил манайд учир дутагдалтай байгаа нь зарим барилга баригдаж дуусаагүй байхад суурь хөрс нь хагарч доошоо суух, хана тааз нь цуурах нурах тохиолдол олон гарч байгаагаас харж болно.

Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөн, сейсмийн долгион үүсгэж, газрын давхарга чичирхийлэх хөдөлгөөнийг хэлнэ. Дэлхий дотоод энергийн нөлөөгөөр газрын давхаргад тэлэх, агших үзэгдэл явагдаж уулын чулуулаг асар хүчтэй хүчдэлд автана. Газар хөдлөлтийн хүчийг балл-аар илэрхийлнэ. 1 балл багажинд л мэдрэгдэнэ. 2 балл маш сул, зарим мэтрэмтгий хүмүүс анзаарна. 3 балл сул, унтаж буй хүмүүс мэдэрч болно. 4 балл хүч багатай, явж буй хүмүүс мэдэрнэ. 5 балл дунд зэргийн хүчтэй, хүмүүс сэрж, том хонх өөрөө цохино. 6 балл хүчтэй, барилгад бага зэрэг эвдрэл гарна. 7 балл их хүчтэй, байшинд ан цав гарна. 8 балл маш хүчтэй, яндангууд унана. 9 балл жижиг барилгууд нурна. 10 балл аюултай, олон байшин барилга нурна. 11 балл маш аюултай, цөөн барилга үлдэж газрын ангал үүснэ. 12 балл сүйрүүлэх аюултай, бүх зүйл нурж сүйдэн, газрын хөрс эргэнэ.

Гай зовлон хэлж ирдэггүй хийсэж ирдэгийн адил бид  газар хөдлөлтийг урьдчилан тааж хэлж чадахгүй ч нийгэм хөгжиж байгаа энэ цаг үед хөрсний долгиолог чанарыг судалж тухайн хөрс аль зэрэг уян хатан эсэх, энэ чанар нь газар хөдлөлтөөс үүдэлтэй долгионыг хэрхэн хүлээж авч дамжуулах вэ гэдгийг мэдэж болдог техник технологи гарч байгаа нь сайшаалтай.

Нийслэл хотын ойр орчимд “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барих байшин, барилгын суурийн хөрсний сейсмик хурдны судалгааг зайлшгүй хийх шаардлагатай байна. Яах аргагүй хөрсний судалгаа тэр дундаа хөрсний сейсмик шинж чанарыг тодорхойлох ажил гэдэгт эргэлзэх хүн байхгүй гэж бодож байна. Орчин үед геофизикийн судалгааны багаж төхөөрөмж техникийн өндөр төвшинд хийгдэж, хэмжилтийг маш өндөр нарийвчлалтай, тоон хэлбэрээр бичилт хийж, үр дүнг зохих программ хангамжаар боловсруулдаг болсон нь дээрх чиглэлийн судалгааг хийхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа эвдрэлд орно. Газар хөдлөлтөөр хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхижиж болно. Томоохон газар хөдлөлт далайд тохиолдвол цунами ч үүсэх аюултай.    Газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрын эгц дээр, газрын гадаргуу дээхи цэгийг эпицентр гэдэг.

Тектоник гаралтай газар хөдлөлт дэлхий дээр хаа сайгүй тохиолдоно. Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтанд орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүснэ. Хуримтлагдсан нийт энергийн зөвхөн 10% нь сейсмийн долгион буюу чичирхийлэл үүсгэдэг бөгөөд дийлэнхи нь хагарал үүсгэх, хагаралын дагуу үрэлтийн дулаан болон хувирдаг байна.

Та бүхэнд дэлхийн томоохон газар хөдлөлүүдийн талаар товч мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Шансигийн газар хөдлөлт (1556 он, Хятад). Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлт гэж тооцогддог. 830,000 хүн нас барсан.

Сан Францискогийн газар хөдлөлт (1906 он, АНУ). Рихтерийн шаталбараар 7.7 8.3; 3,000 хүн нас барж, 400 сая ам.дол.-ийн хохирол учирсан.

Токиогийн газар хөдлөлт (1923 он, Япон). 140,000 хүн нас барсан. Чилийн газар хөдлөлт (1960 он, Чили). Хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж тооцогддог, 9.5 балл.

Анкашийн газар хөдлөлт (1970 он, Перу). Хөрсний гулсалтад Перугийн  Янгай хот дарагдаж, 40,000 хүн нас барсан.

Таньшаны газар хөдлөлт (1976 он, Хятад). ХХ зууны, хамгийн хүний амь хохироосон газар хөдлөлт. Албан ёсны мэдээгээр 255,000, гэвч мэргэжилтнүүд үүнээс хоёроос гурав дахин олон хүн нас барсан гэж үздэг

Суматра-Андаманы газар хөдлөлт (2004 он, 12 сарын 26, Энэтхэгийн далай ). 9.3 баллын газар хөдлөлт. Газар хөдлөлтийн эпицентр нь Индонезийн  Суматра арал байсан ба газар хөдлөлтөөр үүссэн цунами  285,000 гаруй хүний амь насыг сүйтгэсэн.

Хэрэв бид цаашид газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг улс орны хэмжээнд бодлого болгон хэрэгжүүлж, энэ чиглэлээр инженер сейсмологийн судалгааг эрчимжүүлэхгүй бол өдөр ирэх тусам борооны дараах мөөг шиг нэмэгдэж байгаа барилгууд нэг л өдөр багахан магнитудтай газар хөдлөлтийг дааж чадахгүй олон хүний аминд хүрч, олон сая тэрбум төгрөгөөр хэмжигдэх хохирол учруулж болох магадлал өндөр байгааг анхаарах цаг болсон.

Анхнаасаа сайн чанарын материал болон сүүлийн үеийн дэвшилттэй технологиор чанартай, газар хөдлөлтөнд тэсвэртэй барилгыг барих асуудал гол болж байна. Даанч манай нийгэмд барилга барих тэр зөвшөөрлийг тийм ч амар хялбар өгдөггүй гэсэн сурагтай. Тэгээд л барилгын компаниуд зөвшөөрөлгүй стандартын шаардлага хангаагүй барилгыг барьж ашиглалтанд оруулсанаар хэдэн сарын дараа жинхэнэ үнэн мөн чанар нь цухуйж гардаг нь худал биш ээ. “Харамч хүн арав дахин төлнө “ гэдгийг санах хэрэгтэй шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>