180орд газар, баяжуулах үйлдвэрийг холбосон дөрвөн өртөөт төмөр зам нээгдэнэ
Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ наймдугаар сарын сүүлчээс хлэн 108 км төмөр замыг шинэчлэх ажлыг хийж байгаа. Энэ ажлын хүрээнд хэд хэдэн зам шинээр тавихаар болсны эхний ээлж ашиглалтад оржээ. Сэлэнгэ аймгийн “Ерөө” өртөөнөөс Ерөө сумын нутаг дахь Баянголын төмрийн орд хүртэлх 98 км шинэ замын ажил дуусч байгаа юм байна.
Энэ зам нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт уул уурхайн салбар хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдэд хямд тээврийн үйлчилгээ үзүүлэх ач холбогдолтой. Дөрвөн өртөөтэй уг төмөр зам нь энэ чиглэлийн 180 гаруй орд газрын олборлолт, баяжуулах үйлдвэрлэлийн салбартай иргэд, аж ахуй нэгжийг холбож өгөх бөгөөд 1200 гаруй ажлын байр бий болгож байгаа хэмээн замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй “Болд төмөр Ерөө гол” компанийн удирдлагууд хэллээ.
Түүнчлэн 98 км суурь бүтэцтэй төмөр замын объект бий болсноор тухайн бүс нутагт байгаа уул уурхайгаас УБТЗ-ын үндсэн гол замаар тээвэрлэх ачааны хэмжээ жилд дунджаар 3-5 сая тонноор нэмэгдэнэ гэж тооцож байна. Энэхүү замд 200 гаруй сая долларын хөрөнгө зарцуулаад байгаа аж.