ХҮҮХДИЙН АМЬ НАСНААС ИЛҮҮ АЛУУРЧНЫ ЭРХ ҮНЭТЭЙ ГЭЖ ҮҮ?
Монгол улс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцид анх 1990 онд нэгдэн орсноор тус конвенцийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн дэлхийн 7 дахь орон болсон.
Энэхүү конвенцид 1. Хүүхэд хөгжих эрхтэй, 2. Хүүхэд амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй, 3. Хүүхэд хамгаалуулах эрхтэй, 4. Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхтэй хэмээн тэдний эрхийг тунхаглан зарлаж хүүхдийн тулгуур дөрвөн эрхийг тодорхойлсон байдаг.
Манай нийт хүн амын 45 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэгээс үзэхэд хүүхдийн эрхийн асуудал нь нийт хүн амын тал хэсгийн эрхийн хэрэгжилтийн асуудал яригдаж ёстой болж байна.
Гэтэл манай улсын төр засаг, эрх баригчид Оюутолгой, Тавантолгойгоор өвчилж, алт зэсний үнэ, ноён долларын ханш, авлига, хээл хахууль, албан тушаал, зэрэг дэв ярьсаар хөх монголын ирээдүй үр хүүхдийн минь хувь заяанд анхаарал хандуулах сөхөө алга болжээ.
Тэр ч бүү хэл ард түмнээс сонгогдсон Улсын их хурлын далан зургаан гишүүн тус бүртээ нэг тэрбум төгрөг авч тойрогтоо зарцуулахын тулд хүүхдийн мөнгийг төсвөөс хасах саналаа өгөхдөө сэтгэл нь өвдөөгүй юм.
Монгол хүүхдүүд сургууль дээрээ зуу зуугаараа хоолонд хордож, авто замын осолд орж, орон гэртээ байж байгаад алуурчны гарт өртөж эцэг эхийнхээ элгийг эмтэлж байна. Нялх үрс маань хамгийн ариун орчин бүрдсэн байх ёстой төрөх эмнэлэгт нярайн халдвараар хорвоог орхиж, мэргэжлийн сувилагч хайнга, хариуцлагагүйн улмаас буруу тариа тариулж амиа алдаж, олон ээжүүд сүүтэй энгэрээ тэврэн мэгшиж, олон аавууд хагацалд зүрхээ зүсүүлсээр байна.
Харъяаллын бус гээд тусламж авч чадалгүй эмнэлгээс эмнэлгийн хооронд явж байгаад амиа алдсан бяцхан хүү, хотоос зайдуу асрамжийн газар “аав” багшийн хүчирхийлэлд өртсөн 15 настай охин, амиа зогоохын тулд вагоноос нүүрс хулгайлж байгаад осолд орсон хөөрхий хүү, эцэг эхдээ архины мөнгө олж өгөхийн тулд олны зам дээр хоолойгоо сөөтөл дуулах халтар жаал, ээж аав нь ядуугийн улмаас сургууль дээрээ үе тэнгийнхэндээ шоовдорлогдох хүүхдүүд, хойд эцэг эхийн ширүүн харцанд дальдрах бяцхан үрс маань юунд буруутай вэ. Тэдний өмнөөс хариуцлага хүлээх үүрэгтэй хүүхдийн төлөө нэр зүүсэн төрийн болон төрийн бус байгууллагууд үнэндээ тэдний эрхийг хамгаалж өмгөөлж байна уу?
Саяхан ТВ9 телевизийн шууд нэвтрүүлгийг үзээд хүүхэд хамгаалал Монгол улсад байхгүй болсон юм байна гэх бодол эрхгүй төрлөө. Булган аймгийн Тэшиг сумын иргэн Б.Цагаанхүүгийн 13 настай охин өнгөрсөн оны есөн сард алуурчны гарт эрүүл саруул хүний санаанд багтамгүй аймшигтай хэрцгийгээр хөнөөгджээ. Хорвоогийн наран доор бас нэгэн наран болж ээж аавдаа ирсэн дэрсхэн гурван охины дундах, цэцэг цэврүү шиг насандаа дэрвэж явсан балчир охиныг бузар алуурчин 26 удаа хутгалж, хүчирхийлж, нууранд живүүлж хаясан байжээ. Гэтэл Ерөнхийлөгчийн цаазаар авах ялд хориг тавих тухай мэдэгдэл алуурчинд найдлага төрүүлэн өөгшүүлж, Булган аймгийн анхан шатны шүүхээр цаазын ял сонссон бузар яргачны толгой төрийн цаазын өмнө бөхийсөнгүй, хээвнэг зогссон гэдэг. Тэр эх хүнээс төрсөн байлтай араатан 2009 оны зун Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан нэгэн гэнэ. “Хэрвээ тэр алуурчин 20-30 жил гянданд суугаад амьд мэнд гараад ирдэг юм бол би тэр үед өвгөн болсон ч зүгээр суухгүй” гэж ярих эцэг хүний цөхрөл, хорсол, харуусал, гуниг хэмжээлшгүй их байлаа.
Б.Дашзэвэг гуайн зээ охидыг гэртээ байхад нь гэмт этгээдүүд дайран орж мөнгө, эд агуурсыг дээрэмдээд зогсохгүй хоёр хүүхдийн нэгийг хөнөөж, нөгөөд нь маш хүнд гэмтэл учруулсан боловч алтан гарт эмч нарын ачаар амьд үлдэж чаджээ. Харамсалтай нь хөөрхий охины бяцхан зүрх мөнхийн айдас хүйдэст хүлээстэй хоцорчээ. Гэмт хэрэгтнүүд хоёулаа байсан бөгөөд нэг нь 15 жилийн ял авч, нөгөө нь мөн өршөөлийн хуулиар суллагдсан тухай ярьж байлаа.
Үхтэл үр харам байдаг хойно тэд өнөөгийн төр засгаас шударга ёсыг нэхэж, гэмт хэрэг үйлдэгчдийг өршөөн соёрхохдоо хохирогчдийн эрх ашгийг тэднийхээс доогуур тавьж, үхсэний хохь, амьдын зол болгож байгаад нэн гомдолтой байна. Эд материал, сэтгэл санаа, бие махбодиороо хохироод, элэг бүтэн, гэр дүүрэн жаргал нь хэзээ ч эргэн ирэхгүй түүх болон үлдэж байгаа тэд шударга ёс, хууль журам хаана байгааг асуух эрхтэй.
Эдгээр хүмүүс өмнө нь сонин хэвлэлд олонтаа хандсан бөгөөд энэ удаа телевизэд ярилцлага өгөхөөр болж, сэтгүүлч Б.Галаарид өөр нэгэн телевизтэй бичлэгт орохоор тохирсон боловч шууд нэвтрүүлэх боломжгүй, бичлэг хийгээд монтажлах тухайгаа мэдэгдсэн гэнэ. Өршөөлийн хууль баталсан эрхэм гишүүдээс, мөн Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхийг урьсан боловч ирээгүй аж. 2009 оны өршөөлийн хууль нь түргэн хугацаанд судалгаа муутай нөхцөлд батлагдсанаар хохирогчдын эрх ашгийг маш ноцтой зөрчиж байгааг “Зууны мэдээ” сонин хөндөн тавьжээ.
Мөн Ерөнхийлөгчийн цаазаар авах ялд хориг тавих тухай мэдэгдэл нь манай нөхцөлд тохиромж муутай, бусдын амь насыг хэрцгийгээр хөнөөж, хүний амьд явах эрхийг зөрчсөн харгис этгээдүүд яагаад төрд өршөөгдөж, өөрсдөө амьд явах эрхтэй болох гэж байгаа тухайд нь эрс буруушааж, энэрэнгүй ёс гэдгийг хүмүүсийн алтан амийг хайр найргүй бүрэлгэсэн хүмүүс дээр ярих нь зөв үү гэсэн асуудал дэвшүүлж, зөвхөн гадаад ертөнцөд нэр төр олохын тулд ингэж болохгүйг сануулж байна.
Өөрсдийгөө өмгөөлж хамгаалж чадахгүй алаг үрсийн минь эмгэнэлт үхэл, өдөр бүхэн эрх нь зөрчигдөж байгаа Монгол хүүхдийн хувь заяа үртэй, үндэстэй бүхний сэтгэлийг өвтгөж байна.
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХАМГААЛАХ ТӨРИЙН БОЛООД ТӨРИЙН БУС ОЛОН ЗУУН БАЙГУУЛЛАГА МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ. ТЭД ЭНЭ АСУУДЛААР ЧАНГАХАН ДУУГАРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
НИЙГЭМД ИЙМ ИХ ХҮЛЭЭЛТ, ШИЙДЭХ АСУУДЛУУД БАЙСААР БАЙХАД ЯДУУ ӨНЧИН ХҮҮХДИЙН НЭР ДЭЭР ГАДААДААС ОРЖ ИРСЭН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХӨРӨНГӨН ДЭЭР “АЖИЛЛАДАГ ” БАЙГУУЛЛАГУУД ҮНЭНДЭЭ ХЭНД ТУСТАЙ ЯМАР АЖИЛ ХИЙГЭЭД ЯВДАГИЙГ ИЛ ТОД БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЮМ.




Your article very good. I am ready reproduced.
Leave your response!