Дугар гуай Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг Ухаа хошуу гэдэг дэрстэй хоолойд өвөлтэй өрсөлдөх мэт сайхан өвөлжиж байна. Тэдний өвөлжөө замбараа муутай айлын гэрээс дулаанхан цэвэрхэн, тохилог аж.
Хуурай хэвтэрт үхэр тугал тухлан хивж байгаа нь энэ өвлийг тарга тэвээрэг сайтай, тохитой давах шинжтэй. Сайн менежменттэй малчин гэвэл Дугар гуайг хэлнэ. Өвгөн эрдэмтэн Дугар гуай 1994 онд тэтгэвэрт гарч ганц хоёр жил суурин газар тухалснаа онолын мэдлэгээ амьдралд туршиж үзэхээр шийдэн 1997 онд 110 хонь, 20 ямаа, 4 үнээ, 10 адуутай хөдөө гарчээ. Шинжлэх ухааны мэдлэгээ практикт хэрэгжүүлсэн тэрээр зах зээлийн шуурганд хөл алдалгүй малаа сайн өсгөж нутгийн иргэдийг мал маллах ухаанд сургаж 6-8 хүнийг тогтмол цалинжуулан ажиллуулж байна. Одоо тэрээр 600 хонь, 300 ямаа, 40 үхэр, 50 адуутай болжээ. Энэ амжилт түүний мал маллах арга ухаантай салшгүй холбоотой. Түүнтэй бэлчээр ашиглалт, мал сүргийн талаар хуучлав.
-Та бэлчээрийг хэрхэн хуваарьтай ашиглаж байна вэ? Залуу малчдад өөрийнхөө туршлагыг хэр өвлүүлж байна вэ?
-Бэлчээрийг долоо, арав хоногийн хуваарьтай ашиглана. Ургац сайтай жил 4 км радиустай бэлчээрийг ашиглана. Өглөө бүр малыг хэвтэрээс нь босгож 1км зайтай тууж бэлчээрт гаргана. Орой хотлуулахдаа өөр зүгээс оруулна. Өглөө бүр малчиддаа малаа хэрхэн бэлчээрлүүлэх, хэдэн удаа услах, бэлчээрт хэрхэн тогтоох талаар зөвлөгөө өгдөг.
-Бэлчээрийг зохистой ашиглах нууц гэж бий юу?
-Нууц гэх юу байх вэ дээ. Гэтэл бас түүнийг зохистой ашиглах, хамгаалах талаар хувь хүний нууц байж болох юм. Тухайлбал: эр сувай буюу үржиж төлжихгүй малыг бэлчээрт удаан байлгах нь зохисгүй. Эр малыг 1-2 настайд нь борлуулах хэрэгтэй. Манай зарим малчид өөрсдийн мал сүргээр нутаг орондоо гайхуулах гэж эр үхрийг 5-6 настай болтол маллаж байна. Энэ хугацаанд асар их бэлчээр, тэжээл иднэ. Үүнийг 5-6 жил хариулахад хүний төдийн чинээ хөдөлмөр зарж байна. Үр ашиггүй байдлыг мөнгө болгож хувиргаж чадвал малчин хүний зөв ухаан тэр дээ.
- Та мал сүргээ хэр зохистой харьцаанд байлгаж чаддаг вэ?
- Манайх жилд бог 150000-200000, бод 10 заазлаж борлуулдаг. Би бэлчээрт эр сувай малыг удаан хариулахаас аль болох таталгалздаг. Ойр орчмын малчдад энэ тухай хэлж байдаг. Жил бүр эр хурга, ишгийг бараг бүгдийг заазлана. Уналга, ачлагын морь, үхрийг цөөн тоотой авч үлддэг. Ер нь сүргийн бүтэцэд онцгой анхаардаг. Үржлийн хээлтэгч малаас төл авч сүрэг сэлбэнэ. Ухаандаа охин төлөө авч үлдэнэ гэсэн үг. Гэхдээ мал сүргийн бүтцийн зохистой харьцааг бий болгоход төр засгийн тусламж дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал: мах экспортлох ажлыг зохион байгуулж өгөх, малаа эрүүлжүүлж дэлхийн зах зээлд монгол махыг тэргүүн зэрэгт хүргэх тал дээр илүү ажиллах хэрэгтэй. Энэ бол хамгийн их тусламж юм шүү дээ. Хэрэв махны экспортын асуудлыг шийдээгүй цагт малын махны үнэ өсөхгүйгээс бэлчээрийн доройтол, хомсдол үргэлж л биднийг зовоосон асуудал хэвээр байна.
- Төр засаг малчдыг үргэлж ивээн тэтгэж малчид түүнд нь дулдуйдан ган зуд тохиолдоход дээшээ хараад сууж байх юм. Таны бодлоор төр засгийн энэ дэмжлэг хэр нүдээ олсон гэж та бодож байна вэ?
-Энэ их буруу зуршил бий болсон. Малчин хүн өөрөө мал аж ахуйдаа үргэлж хөрөнгө оруулалт хийх ёстой. Мал сүргийн ашиг шим сайн байвал мөнгө их олбол тэдний ашиг, тэр олсон ашгийг өөр хэн ч хүртэхгүй. Тиймээс малчин л цагийн сайханд өвөлжөө, хаваржаагаа тохижуулах, өвс, тэжээлээ бэлтгэх гээд олон ажил бий. Манай малчид мал аж ахуйдаа хөрөнгө оруулах тал дээр муу ажилладаг. Малаас ахиухан ашиг л олохоо боддог. Зохих юм гарч байж ордог байгалийн хуультай. Гаргахгүй олно гэсэн сэтгэл л малчныг туйлдуулж байна даа. Төр засгийн нэг удаагийн дэмжлэг нохой хорьсон ажил. Малчид тэжээл, бордоо, хашаа, саравчиндаа хөрөнгө оруулж байж л дараа нь ашиг хүртэнэ шүү дээ. Засгийн газраас машин машинаар нь өвс тэжээл малчидад өгч байгааг зурагтаар хардаг. Энэ бол туйлын буруу.
- Та өвлийг хэрхэн давах талаар хэдийнээс бодож тооцоолдог бэ?
- Ер нь маш мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Зуны налгар цагт л цагийн байдлыг тодорхойлон доо. Өвөл ямар болохыг тодруулана. Тэгээд мал аж ахуйгаа төлөвлөнө. Бог малаа тийш нь гаргая, бод малаа тэнд өвөлжүүлнэ, хэдэн мал заазлах талаар бодож төлөвлөнө. Зуд болбол яах вэ? Гарц хаана байна гэх мэтээр малчин хүний өөрийн бодол ухаан чухал байдаг. Өвөл зунгүй л бэлчээрийн малыг нэг газар байлгаад байвал ямар болох нь тодорхой. Бэлчээрийн доройтол л болно. Төр засаг ч өвөлжит хүндрэхэд хаана нөөц бэлчээр байж болохыг өвлөөс өмнө төлөвлөсөн байх ёстой.
- Эрчимжсэн мал аж ахуй монголд хөгжих боломж байна уу?
- Бэлчээрийн мал аж ахуй бол манай ард түмэнд олон үеээр буян хишгээ чамгүй өглөө. Сүүлийн жилүүдэд малын ашиг шимийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэх тухай их ярьцгаадаг болжээ. Төр засаг ч эрчимжсэн мал аж ахуйг өсгөн гэж их ярих болж. Гэхдээ энэ тал дээр тавьсан олон төрлийн туршилт судалгаа байдаг л байх. Миний хувьд өөрийн мал сүргийг сайжруулах, эрчимжүүлэх тал дээр нилээд ажиглалт судалгаа хийсэн. Эцэст нь нутагшсан цэвэр үүлдрийн мал монголын бэлчээрт зохицоно гэдэг дүгнэлтэд хүрсэн. Гэтэл монгол орны хувьд онцлогтой. Үхэр сүрэг дээр эрчимжсэн аж ахуй гэж ярихаас бусад мал дээр эрчимжсэн аж ахуй зохисгүй.
- Баярлалаа. Манай таны зөвлөгөө манай залуу малчдад жаахан ч гэсэн мэдлэг болно гэдэгт итгэж байна.













One Comment
R.Dugar guai bol manai aimgiin HAA-n chigleliin tsuun erdemtediin neg. Uvuljil hundersen udii tsagt edgeer huuchchuulyn ug shig heregtei zuvlumj gej ugui.