ЧОНЫН УДАМТ МОНГОЛЧУУД ШҮТЭЭНЭЭ ХӨНӨӨЖ ДУУСГАХ НЬ ЭЭ

By gerelmaa

teacher and designer

photo source:kkpaa.mn

“Зэрлэг гахайн элэг авна, чонын элэг, тархи, ходоод авна, тарваганы хүн мах, бөөр авна, хүдрийн заар авна, мөн эдгээрийг зарна” гэх зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга сонсож харж байдаг болж. Үүний цаана ашиг хонжооноос гадна өвдөх өвчингүй, зовох зовлонгүй болох гэсэн хүний хүсэл байдаг. Өвчин зовлонд дийлдэн шаналахын цагт яаж ийгээд хөл дээрээ босохын хүслэнд автагч хүмүн өөрийн өчүүхэн амины төлөө өөр нэгэн халуун амийг хөнөөн байж эдгэнэ гэдэг байж болшгүй нүгэл мөнөөс мөн билээ.

Амьдрахын төлөө тэмцэгч аливаа амьтан зөн совингоороо үхлээ мэдрэхийн цагт бүхий л биеийг нь айдас түгшүүр, уур хилэн эзэмддэг. Энэ асар их сөрөг энерги шингэсэн эд эрхтэн хэн хүний өвчилж шаналсан биед нэмэр болохоосоо, нэрмээс болох нь илүү бус уу. Мөн зэрлэг амьтны биед хүний биеийн дархлаанд дийлдэшгүй бактери вирус олноороо байдаг тул ямар ч ариутгал боловсруулалтгүй, чанаж болгохын төдийд идэж хэрэглэх нь аюултай гэж өнөөгийн анагаах ухаан анхааруулдаг.

Орчин үеийн бясалгагчид амьтны арьсан эдлэл хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь тэдгээр амьтдын амьд ахуйнх нь үйлийн үр арьсанд нь шингэсэн байдаг тул өчнөөн амьтдын үйлийн үрийг давхар тээж явдаг гэж үздэг. Байгаль эх нэг ч амьтан илүү төрүүлдэггүй, бүх юм байгалийн шалгуур зохицолд багтдаг болохоор тэд ч бас байгалийн хуулийн дагуу амьд явах эрхтэй.

Хүний мунхаг бодол, шунал тачаалын золиосонд олон араатан амьтан, жигүүртэн шувуу эрсдэж, зарим нэг нь дэлхийн ан амьтадын жагсаалтаас бүрмөсөн хасагдаж байгаагийн нэгээхэн хэсэг нь Монгол орны нутаг дэвсгэрт тэмдэглэгдэж байснаа улаан номонд орж улмаар үүрд алга болсоор байна.

Хангайн чимэг халиун буга цусан эвэр, чивнээсээ, согоо савнаасаа, хүдэр заарнаасаа, баавгай арьс, савраасаа, тарвага, булга арьснаасаа болж ангуучдын гарт өртсөөр ховордсон бол, зэрлэг гахай, бор гөрөөс махан идэшт хүмүүний хүнс болсоор өдгөө нүдний гэм болжээ.

Жинхэнэ анчин, гөрөөчид хангай дэлхийдээ залбирч, мөргөж гуйж, ганзага мялаах төдий анд морддог байсан бөгөөд аливаа ан, амьтаны хээлтэй үед, хөхүүл үед, ороо нийлүүлгийн үед, төрөх цагт нь агнах, үүр ичээнд нь устгах, хуран чуулж буй амьтад, сүргийн манлай, содон төрхтэй амьтаныг, мөн үр төлийг хомроголон устгахыг эрс цээрлэж байжээ. Харамсалтай нь сүүлийн үед бууны цэц, машины хурдаар ааглаж, харагдсан бүхнээ буудаж, шархдуулан хаях, мөнгөний төлөө хайр найргүй хядсаар, анчин хүний сахих ёстой цээрлэл бүхнийг уландаа гишгэж байна.

Замын-Үүдийн гаалиар саяхан бүхээгтэй автомашины хананд давхар хана хийж 64 ширхэг хөлдөөсөн чоно гаргах гэж байсан этгээдийг гаалийн байцаагч илрүүлсэн тухай “Өдрийн сонин”-д (2010.01.27) мэдээлжээ.
“Монголын нууц товчоо”-нд Монголчуудын язгуур гарлыг тоочин өгүүлэхдээ Бөртэ чоно Гоо марал хоёр тэнгис далайг гатлан ирж, Бурхан халдун уулнаа амьдран суусан домгоор эхэлдэг. Үүнээс үүдэлтэйгээр монгол хүмүүс өөрсдийгөө чонын хийморьтой улс хэмээж талын хөх чонын дайчин эрэмгийгээр бахархдаг. Харин одоо бол чоно шиг анагаагч эрхтэнтэй амьтан үгүй болсон бололтой. Ходоод муудвал ходоодыг нь чанаж идэж, тархины цус харвалтанд тархийг нь сайн гэх мэтээр хаях эрхтэн үгүй болж, тэр ч бүү хэл шагайг нь түлхүүрийн оосортоо зүүгээгүй бол монгол эр биш болчих байгаа гэхэд хилсдэхгүй.

Чонын тархи зарна гэсэн зарын дагуу утасдахад толгойны ясыг нь авчирч чоно мөн гэдгийг нь батлаад тархийг нь авч өгдөг гэнэ. Иймэрхүү бизнес томоохон эмнэлгүүдийн гадуур нууцхан явагддаг аж. Тэд тухайн эд эрхтээг яаж хэрэглэх тухай ямар ч эмч, домчоос дутуугүй зааж өгөөд мөнгөө авна. Тэр ч бүү хэл буудсан чоноо цус нөжтэй нь машин дээрээ шидчихээд хотын гудамжаар гэгээн цагаан өдөр гайхуулан давхих мөхөс бодолтнууд ч өвлийн цагт тааралдах нь бий
Малын дайсан чоно ихэслээ, хядаад бай гэсэн нэгэн цагийн эндүүрэл энэ цагт сэргэн амилжээ. Угтаа бол чоно өсөж үржээд байгаадаа бус, түүний идэш хоол болох буга, гөрөөс, тарвага, зээрийг хүмүүн бид хядаад, худалдаад дуусгаж байгаа тул амьдрахын эрхэнд хаа сайгүй яваа, хариулгагүй мал руу дайрдаг болсон гэнэ.

Чоноо устгасан Европын орнууд, америкчуудын алдааг шинэ зуунд бид давтах гээд байна уу даа гэж сонин хэвлэлээр цөөнгүй л сануулсаар байна. Чоныг устгаснаар өвсөн тэжээлтэн амьтан үй олноор өсөж үржин, ургамал, бэлчээрийн нөөц алдагдан, амьтны гаралтай халдварт өвчин газар авсан гэдэг.

Эцэст нь чоноо дахин нутагшуулах ажилд асар их зардал гаргасан аж. Зэрлэг ан амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенци гэж бий. Уг конвенцид Монгол улс нэгдсэн бөгөөд энэ конвенцийн заалтад чоно ховордсон ангилалд орсон, агнахыг хориглосон байдаг. Дээрх конвенцид нэгдсэн орон хэрвээ чоно агнаж экспортлохоор болвол Олон улсын байгууллагаас заавал эрх, зөвшөөрөл авдаг юм билээ. Гэтэл Монгол улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөөр байна. Эндүүрлийн харанхуйд эх байгалийн амьд ертөнц устан үгүй болж байгаа эмгэнэлийг яах вэ та минь ээ” гэсэн “Өнөөдөр” сонин (01.29) сэтгүүлчийн үгийг энд дахин дамжуулахыг хүслээ.
Амьд байгаль өөртөө хатуу ширүүн хандсан бүхнээс аймшигтайгаар хариугаа авсаар ирсэнийг үеийн үеийн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Хамгийн наад захын жишээ татахад, өнөөдөр нэг анчин ан хийж ашиг хонжоо олсон байхад дараагийн нэг өдөр хоттой хонинд нь чоно орох ч юм уу, аргамжаатай морийг нь боохой зооглодог тухай эгэл ардын дунд яригддаг. Үүнийг Монголчууд хангай хариугаа авч байна гэдэг.

VN:F [1.7.7_1013]
Rating: 0.0/10 (0 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: 0 (from 0 votes)
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Амьтаны эрх, Улаанбаатар хот, блог, сонины гарчиг and tagged . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

One Comment

  1. altaa
    Posted February 12, 2010 at 3:20 pm | Permalink

    ta hunii bichsen yumnaas huulsan yum bol aytaihan yum bicheech…… odriin sonind garsan yum ter chigeeree haragdaj bn…. haanaas avsan eh survaljaa oruulj baigaach……

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>