ШАР ХАНТААЗТНУУД, ЦОНХООРОО ХОГ ХАЯДАГ ЖОЛООЧ НАРТ ГОМДДОГ
“Зам талбайн үйлчлэгчид буюу бидний мэддэгээр “шар хантаазтангууд” цалингаа бүрэн авч чаддаггүй талаар сэтгүүлчдэд мэдээллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны наймдугаар сарын 24-ны өдрийн 182 дугаар тогтоолд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн нэг метр кв-т талбайн нэг удаагийн цэвэрлэгээний зардлыг нийслэлийн бүх дүүрэгт 50 төгрөг байхаар тогтоосон аж. Гэтэл өнөөг хүртэл метр кв талбайн цэвэрлэгээний нэг удаагийн зардалд дунджаар 23 төгрөг олгож байгаа гэнэ. Хэрвээ дээрх тогтоолын дагуу хэрэгжүүлж эхэлбэл 108-150 мянган төгрөгийн цалинтай зам талбайн үйлчлэгчдийн цалин хоёр дахин нэмэгдэх боломжтой” гэж news.gogo.mn хэмээх үндэсний портал сайт дээрээс /2009.12.23/ уншлаа. Харин шар хантаазтангууд маань өөрсдийн хөдөлмөрийн үнэлгээний талаар ямар бодолтойл байдгийг мэдмээр санагдаж, Чингэлтэй дүүргийн хот тохижуулахын ажилтан, н.Алтантогоо гэгч бүсгүйтэй цөөн хором ярилцлаа.
Миний зургийг битгий аваарай гэсэн хүсэлтийнх нь дагуу нийтлэлдээ зураг хавсаргасангүй. Фотог news.gogo.mn сайтаас/
- Та сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? - Сайхан өвөлжиж байна аа.
- Таны алдар нэр? - Намайг Алтантогоо гэдэг.
- Та хот тохижуулах компанид ажиллаад хэдэн жил болж байна? - Би, Чингэлтэй дүүргийн хот тохижуулахад ажилд ороод гурав дахь жилдээ ажиллаж байна.
- Таны ажил хэдэн цагт эхлээд, хэдэн цагт дуусдаг вэ? - Өглөөний 5 цаг 30 минут гэхэд бид бүгд ажил дээрээ ирэээд, талбай дээрээ гарчихсан байх ёстой. Өвлийн улиралд цас мөс ихээр орсон байвал хонож ажиллах шаардлага гардаг. Хонож ажиллах шаардлагагүй бол бид ажлаа дуусаад 18 цаг 30 минутанд буудаг даа.
-Үүрийн 05:30-д эхлээд оройн 18:30 цагт дуусдаг гэхээр өдөрт 12 цаг 30 минут ажилладаг гэсэн үг байна, тийм үү? - Яах вэ, ажлын дундуур 11 цагаас 13 цагийн хооронд бид цайны цаг гэж завсарлаад, хоол ундаа идэж уудаг юм. 13 цагаас хойш ажлын байран дээрээ гарна. Болохгүй бол бид нар суботникоор ороод л явчихдаг юм.
- Та энэ тухайгаа жаахан тайлбарлахгүй юу? Суботникоор орно гэдэг нь ямар учиртай юм бэ? - Хэн нэгний маань зам ямар байна, хэцүү байгаа нэгэндээ очиж, 10-аас дээш хүн нийлж байгаад хэцүү талбай, замыг нийлээд цэвэрлэж, цас мөс арилгахыг хэлж байгаа юм.
- Өөрөөр хэлбэл хүн хүч илүү хэрэгтэй байгаа газарт нэмэлт хүч болж ажилладаг гэсэн үг байх нь ээ? - Тийм ээ. Ачаалал ихтэй хүнд хэцүү хэсэг дээр 6-7, заримдаа тэрнээс ч олуулаа нийлж байгаад очиж ажилладаг.
- Илүү цагаар ажилладаг юм байна. Бүр хонож ажиллах тохиолдол ч гардаг гэлээ. Илүү цагаар ажилласны хөлс мөнгө, урамшуулал гэж цалин дээр чинь нэмж өгдөг үү? - Тийм юм ерөөсөө байхгүй. Яах вэ, цалинг яг хугацаанд нь өгдөг болохоор гайггүй байдаг юм. Тэрнээс илүү цагийн мөнгө гэж авч үзээгүй ээ. Сүүлийн 7-14 хоногийн турш бид чинь нэг ч өдөр амралгүй ажиллалаа шүү дээ. Амралт өгөхөө ч больсон.
- Сүүлийн хэдэн өдөрт цас их орж байгаа болохоор уу?
- Тийм. Цас их орж байгаа болохоор ажил ихтэй байна. Зуны цагт бол бид чинь уг нь гурав дахь өдөр /Лхагва гаригт/ хагас ажиллаад, бүтэн сайн өдөр ээлж ээлжээр амарчихдаг байхгүй юу. Харин өвөл болоод ирэхээр ингэж амарч чадахаа больчихдог юм. Сүүлийн хэд хоног ганц ч амраасангүй.
- Та нарын маань ажил улирлын онцлогтой байдаг юм байна, тийм үү? - Тэгж ойлгож болно.
- Та нар илүү цагаар ажиллах, хонож өнжиж ажилсан тохиолдолд хөдөлмөрийн хуулийн дагуу илүү цагийн нэмэлт хөлсөө авъя гэж хүсэлтээ гаргаж байсан уу? - Бид нар тийм юмны тухай ерөөсөө ярьж байгаагүй. Яах вэ, хааяа баяр ёслолын үеэр урамшуулал гэсэн нэртэй 20,000-30, 000 цаас өгчихдөг болохоор нь тэр нь л болдог юм байх гэж боддог.
- Таны хувийн нууц руу халдаагүй бол та сард хэдэн төгрөгний цалин авдгийг чинь асууж болох болов уу? Та хариулахгүй ч байж болно. - Нууц биш ээ. Би л гэхэд сард 130 000 төгрөгний цалин авдаг.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 000 гэж та мэдэж байгаа байх, тийм ээ? Тэгээд та яг гар дээрээ хэдийг авдаг вэ? - Элдвийн шимтгэл, суутгалаа хасаад гар дээрээ 108 орчим төгрөг аваад байх шиг байгаа юм. 130 000 цааснаас чинь татварт 20, 30-аад мянга нь явчихдаг ш д. Тэгээд л үлдснийг нь авдаг. - Таны амьдралд хүрэлцээтэй байдаг уу? - Яах вээ, тэгээд нэг юм болж л байна.
- Та гэр бүлтэй юу? Гэр бүлийн хүний чинь орлого ч юм уу, нэмэлт өрхийн орлого гэж байдаг уу? - Би нөхөртэйгөө хамт нэг дор ажилладаг юм. Тэгээд цалингаа буухаар хоёр цалин нийлээд болж л явна даа, эгч нь. Дараагийн цалин буутал болгоод л яваад байгаа. Урд нь цалин их өнждөг байсан л даа. Одоо бол өнжихөө больж, хугацаандаа өгдөг болсон. Хоёр гурван жилийн өмнө бол цалин ерөөсөө хугацаандаа буудаггүй байсан.
- Ямар учиртай саатаад байсныг нь та мэдсэн үү? - Тэр нь яах вэ, компанитай л холбоотой. Жаахан муу байсан юм шиг байна лээ. Урд, хогийн сан гэж байсан юм. Тэд нар нь бидний мөнгийг авчихаад байсан юм шиг байгаан. Одоо тэрнээсээ гарчихсан болохоор манайх бол одоо гайгүй. Хүмүүсээ харж үздэг болж байгаа.
- Та хэдэн хүүхэдтэй вэ? - Эгч нь гурван хүүхэдтэй.
- Оюутан хүүхэд байгаа юу? - Оюутан байхгүй. Дандаа сургуулийн насны.
- Манай нийслэлчүүд,та бүхний ажлыг хэр хүндэлж ханддаг вэ? Жишээ нь цэвэрлэсэн талбайгаа эргээд харахад хог хаячихсан байхыг харах мэдээж сайхан байхгүй дээ? - Хүмүүс их сонин. Хогоо хаа сайгүй хаячихдаг. Уг нь манайхаас өдөр болгон хогийн тэрэг дуудлагаар явдаг шүү дээ. Ил гаргаж хаясан хогийг нь “өвгөнтийнхөн” ирээд ухаад, тараагаад хаячихдаг. Тийм болохоор ядаж гэрийнхээ хогийг гадаа ил хаялгүй, зохих хогийн цэгтээ хаяж байвал сайн л байна. Нэгдсэн журмаар хогийн тэрэг ирэхээр ачаад явахаас хойш ил задгай л хаямааргүй байна. Тэгээд л бид хаясан хогийг дахиж хамж авах гээд л хийсэн ажлаа хоёр хийх тохиолдол зөндөө.
- Байр сууцны орц болгон жижүүртэй байдаг. Жижүүрүүд хогийн цэгийн хаалгыг уг нь түгжиж, хогийн машин ирсэн үед нээж өгөх ёстой атал тэд хариуцлагагүй байна уу, эсвэл хүмүүс өөрсдөө ухамсаргүй хогоо ил задгай хаяад байна уу? Та юу гэж бодож байна? - Байрны жижүүрүүдтэй нэг их яриад байдаггүй. Хааяа зарим жижүүрүүю танай хогийн машин ирсэнгүй гэж хэлдэг. Уг нь тэд хариуцсан орцныхоо хогийн бункерийн хаалгыг түгжээд, машин ирсэн үед онгойлгох ёстой ш д. Зарим хаалга онгорхой харагдаж л байдаг. Тэгэхээр чинь өвгөнтийнхөн ухалгүй яах вэ дээ.
- Манайхаас бусад орнууд хогийг ангилж хаядаг юм билээ. Та энэ тухай сонсож байсан уу? - Тэр тухай сонсож байсан. Гэхдээ манай Монголчууд хогийг тэгж ангилж хаяж мэдэхгүй шүү дээ.
-Сүүлийн үед байгаль орчноо хамгаалахын ажилладаг иргэний байгууллагууд энэ тухай ярьж, бичиж байгаа. Хэрэв бид нар хогоо ангилж, шилэн савыг тусд нь, хүнсний хаягдлыг тусад нь саванд хийж хаядаг болвол амар болох байх даа? - Мэдээж амар байлгүй яах вэ. Энэ чинь хүний ухамсраас шалтгаалах л соёл шүү дээ. Адаглаад хог агаарт дэгдэхээ болино. Өвлийн цагт хог арай гайгүй байдаг юм аа. Цас мөс цохих ажил ихсэхээс хог харьцангуй багасдаг юм. Зуны цагт бол хаа сайгүй хог хөглөрөөд их муухай.
- Таны ажлын багажийг сонирхож болох уу? - За надад, нэг шүүр, нэг цавчлуур, нэг хогийн сав байна. Энэ бүгдийг компаниас өгдөг.
- Эдгээр багажийг төдий хугацаанд хэрэглэж дуусгана гэсэн тодорхой заасан хугацаа бий юу? Байдаг бол энэ хогийн сав гэхэд ямар хугацаанд та ашиглах ёстой вэ? - Энэ хогийн тэрэг гэдэг юм. Энэ тэргийг доод тал нь гурван жил хэрэглэнэ. Энэ хугацаанд хагалахгүй, нугалахгүй, гээгдүүлэхгүй эдлэх ёстой. Зарим хүмүүс гурав гаруй жил хэрэглэж байгаа ч бий.
- Энэ хогийн тэрэг хэр бөх вэ? - Энэ гайгүй ээ. Өвөл болохоор хөлдчихөөд байдаг. Болгоомжтой чирэхгүй бол хагарчих гээд байдагийм.
- Багажийг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд дахиж шинээр олгодог уу? -Энэ савыг алга болгох юм бол цалингаас шууд суутгадаг. Энэ хогийн тэрэг гэхэд 130 000 төгрөгийн үнэтэй. Тэгээд л суутгуулна даа. Харин машин тэрэг дайрчихвал тухайн машины эзнээс мөнгийг нь гаргуулах, албан байгууллагаас нь нөхүүлэх арга хэмжээ авдаг юм.
- Таны хувьд ийм тохиолдол гарч байсан уу? - Үгүй.
- Энэ хогийн тэргийг хаанаас оруулж ирдэг, ямар үнэ өртөгтэй орж ирдэг тухай та мэдэх үү? - Мэдэхгүй ээ эгч нь. Манай компаниас л тавьж өгдөг юм. Хужаагаас л орж ирдэг биз.
- Ажлын хажуугаар цаг зав гаргаж, надтай ярилцсан танд их баярлалаа. Та нийт нийслэлчүүддээ хандаж юу гэж хэлмээр байна вэ? - Гол нь хогоо ил задгай битгий хаяач ээ хүмүүс ээ. Хогийг дэндүү их хаяж байна. Ялангуяа жолооч нар эрээ цээргүй хогоо шууд цонхоороо гаргаад шидчихэж байгаа юм чинь. Машин дотор нь хогийн сав баймаар л юм. Яг наана нь ХҮН шүүрдээд явж байхад л цонхоороо тамхины иш, ундааны сав, амны цаасаа гаргаад чулуудчихаж байгаа юм чинь. Энэ их муухай, зэвүүн санагддаг. Тэгэхээр нь би заримдаа дуугай байж чадахгүй хэлдэг юм. “Та нар ийм машин уначихаад, хогоо хаана хаяхаа мэддэггүй юм уу ” гэхээр өөдөөс “юу яриад байгаан” гэж хэлчихээд хэнэг ч үгүй яваад өгдөг байхгүй юу. Энэ их муухай. ХҮН (өөрийгөө хэлэв), замаа аягүй гоё, сайхан цэвэрлэчихээд явж байхад эргээд харах хооронд машинаас хог шидээд бохирлочихоод явж байсан жолооч нарт бүр хандаж “болиоч ээ!” гэж хэлмээр байна.
- За танд ажлын өндөр амжилт хүсье. Хотоо цэвэр цэмцгэр, хоггүй байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий хүртэл зүтгэж яваа та нартаа их баярлалаа гэж хэлснээр бид хоёрын ярилцлага өндөрлөлөө. Хүмүүс ээ! Хогийг зохих сав руу нь хийж занших цаг нэгэнт болсон шүү.
Түүнчлэн хогийг ангилж хаях соёлд суралцаж, амьдралд хэрэгжүүлье. Өөрийгөө, бусдаа хүндэлж, орчноо цэвэр цэмцгэр байлгаж, эрүүл мэнддээ хувь нэмэр оруулцгаая.
Шар хантаазтангууддаа их баярлаж явдаг шүү. Ийм хүнд ажлыг иймхэн цалингаар хийж байгаа ч хэний ч өмнө царай алдаж, юм нэхэж, гомдоллохгуй, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чаддаг, бориг энгийн сайхан улс юм. Нуулгүй хэлэхэд би ч ухамсаргйчүүдийн нэг. Энэ цагаас эхлэн та нарынхаа ажлыг хүндэтгэн ширхэг цаас ч байсан хаяхгуй ээ. Та бүхэндээ сайн сайхныг хүсье
Их сайхан ярилцлага болсон байна, хотын үйлчилгээ цэвэрлэгээний ажил амжуулдаг гэр бүлийг зуны улиралд нэг сар аялал жуулчлалын бааз дээр амрааж хогны менежментийн талаар хатран ажиллах бодолтой байгаа. Энэ гэр бүлийн хаягийг бидэнд явуулаарайв
Их сайхан хүнлэг, амьдралд ойр, хүний сэтгэл хөдлөгсөн ярилцлага болжээ, хажуугийн хүнийхээ зовлон зүдгүүрийг мэдрэн хуваалцана гэдэг бурханы шашны нэг гол номлол байдаг.
Ногоон эвсэл
Sir Boum,
Thanks for your kind and respectful comment on the interview. Yes, we are human being and a God made creature, so we should think others more.
Warm regards,
Shinee
Hi Uyanga
Thanks for your comment
Shinee
tiim shuu!
humuus bid zugeer l oorsdoos shaltgaalah engiin naad zahiin zuiliig heregjuulj chadahgui bgaa ni denduu ichmeer !!!
idsen chiheriin tsaas ,am archsan alchuur ,undaanii sav laaz geed oorsdiin hog hayagdalaa end tend chuluudaj hayahgui baij chadahgui gej uuu?
Shar hantaaztanguudad tuslah bish ooriin amidrah orchinoo tsever bailgahad heregtei shuu dee!
heterhii huvia hicheesen bas heneggui bhaa bolhiig urialiya!
Interesting interview, thank you for sharing it!
Leave your response!
Select Language
Categories
Tweet with @nomadgreen
About Nomad Green
Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.
Supported by|支持夥伴
Partnering with
Calendar
Recent Posts
Mongolian News Source
Be Our Fan
Tags
Most Commented
Login
Slide for Workshop