НАР САЛХИ БОРООТОЙ НӨХӨРЛӨХ 21 ЗУУНЫ НОГООН ТЕХНОЛОГИ

By arslan

arslan

Leader of just society front

Өндөр хөгжилтэй орнууд болон Хятад, Энэтхэг, Аргентин, Бразил зэрэг олон хүн амтай улс орнуудад хүн амаа хооллох, байгаль усаа хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажилд нэгэн шинэ хувьсгал гараад хэдэн жил өнгөрч байна. Үүнийг тэд хорин нэгдүгээр зууны ногоон хувьсгал гэж нэрлэж байх ба генетикч инженерүүдийн хүчээр энэхүү хувьсгалыг хийж байх ажээ.

ХХ зууны ногоон хувьсгалын гол чанарууд бол газрыг их хэмжээгээр хагалж, хортон шавьжийг химийн бодис цацан устгаж, талбайг их хэмжээгээр усалж байж арвин ургац авахад чиглэсэн үйлдвэрлэл байлаа. Дэлхий дулаарч эхэлмэгц хорьдугаар зууны газар тариалан ялагдаж эхэлсэн юм. Жил бүр тариа тарихдаа хагалдаг газрын хөрс нь үндэс, бичил ертөнцгүйгээс хуурайшиж, нунтаг хар юм болно.

Хөрс ийн шимгүйдээд ирэхэд тариаланчид өөрийн эрхгүй үнэтэй химийн бордоонуудыг худалдан авч газраа бордоно. Бордооны азот, фосфорит бороонд урсан гол усыг бохирдуулах ба түүний зэрэгцээгээр хогийн ургамлын тэжээл болно. Хогийн ургамал, хортон шавьжтай тэмцэх гэж дахин өөр төрлийн улам хортой химийн бодис цацаж үр тариагаа хамгаална. Газар тариалан нь дэлхийн газар нутгийг сүйтгэж, цөлжилтийг нэмэгдүүлж байгаа хамгийн том эх үүсвэр мөн гэсэн дүгнэлтийг НҮБ-ийн мянганы сорилын хөтөлбөрийн шинжээчид хийж байгаа ажээ.

Энэ л хямралтай нөхцөлд газар тариалан дахь XXI зууны хувьсгалуудын тухай гадаад ертөнцөд ярьж эхлээд байна. Энэ удаагийн ногоон хувьсгал ХХ зууныхаас үндсэн ялгаатай.

Өнгөрсөн зуунд газар тариалангийн салбарт гарч байсан бүхий л технологи, мэдлэгийг улс орнууд, олон улсын байгууллагууд санхүүжүүлж, түүний үр дүн ололтыг дэлхий даяар үнэ төлбөргүй тарааж, энд тэндгүй хуулан хэрэглэж байсан бол, шинэ зууны ногоон хувьсгалын технологиудыг компани, корпорациуд ивээн тэтгэж, тэр ч утгаараа технологийн өмчлөлийн хуулийн дагуу мөнгөтэй нь хүртэж, мөнгөгүй нь хуучинтайгаа зууралдаж байгаа юм. Шинэ технологийг "гэртээ" үйлдвэрлэж байгаа өндөр хөгжилтэй биш орон нь зөвхөн Хятад, Энэтхэг, Өмнөд Африк орнууд бөгөөд Аргентин, Бразил зэрэг орнууд өндөр хөгжилтэй орны технологиудыг эрчимтэй авч хэрэглэх болжээ. Чухам ямар ямар технологиуд XXI зууны ногоон хувьсгалд тооцогдож байгааг товч танилцуулъя.

Хортон шавьжтай тэмцэгч үр
Энэхүү технологийн онцлог нь хөвөн, төмс, үр тариа, цагаан будаа зэрэг газар тариалангийн бүтээгдэхүүний үрийг генетикийн аргаар сайжруулж, тухайн үрэнд Bacillus thuringiensis хэмээх хөрсний бактерийн хортонтой тэмцэгч генийг 「суулгана」.  Ингэж өөрчлөгдсөн үрийг Bt төрлийн генитэй үр  хэмээн нэрлэнэ. Гэхдээ бүх төрлийн ургамал ногоонд нэг л ижил гени суулгадаггүй. Орон нутгийн онцлог, тухайн газар нутагт, тухайн ургамалд халдаж байгаа шавьж хорхой нь чухам яг ямар дооз хэмжээтэй Bt-д өртөж хордох вэ гэдгийг тогтоож байж өөрийн орон нутагт тохирох үрийн генийн мэдээллийг гаргаж боловсруулдаг байна.

Генетикийн аргаар ийн сайжруулсан үр нь Энэтхэгийн зах зээлд жирийн үрнээс дунджаар 17 хувиар үнэтэй байхад Аргентины зах зээлд 5,3 дахин өндөр үнэтэй байдаг. Хятадад генетикийн аргаар сайжруулсан хөвөнгийн ургамлын үр жирийн хөвөнгийн үрнээс бараг хоёр дахин өндөр үнэтэй.
Гэвч тариалалтын явцад гарах химийн бодисыг худалдан авахаа больсноор тариаланчдад хэмнэлт гарна. Мөн ургац өсч, хортонд идүүлж алддаг байсан ургацаа бүрэн хурааж авч чаддаг.

Тариаланчдын орлого дунджаар 20 орчим хувь өсдөг ба цэвэр ашиг нь янз бүр байдаг. Генетикийн аргаар сайжруулсан үрнээс хамгийн өндөр ашиг авч чадаж байгаа нь Хятадын тариаланчид бөгөөд хөвөнгийн ургацнаас тэд жирийн тариалалтынхаасаа 3,4 дахин их ашиг авч чаддаг байна. Энэ нь Хятадад генетикийн шинжилгээ, судалгааны ажил харьцангуй хямд өртөгтэй, үр харьцангуй хямд байгаагаас тэр ажээ.

Генетикийн аргаар сайжруулсан үрийг газар тариаланд хэрэглэх, худалдаанд гаргахын өмнө шинжлэх ухаанд тулгуурласан тусгай хууль эрх зүйн орчныг бэлтгэх хэрэгтэй болдог. Компаниуд болон төрийн байгууллагууд өөрсдийн хийсэн шинжилгээний дүнг нийтэд мэдээлэх ёстой,  аюулгүй байдлын горим, сэрэмжлүүлгийг ил тод байлгах ёстой зэрэг шаардлагууд тавигддаг.
Ийм төрлийн технологи хэрэглэснээр юуны өмнө химийн бодисны хорноос газрын хөрс, усыг хамгаалж эхэлдэг. Цаашилбал генетикийн аргаар сайжруулсан үр хэрэглэж байгаа маш олон тариаланчид "газрыг хагалахгүй тариалах" хэмээх орчин үеийн шинэ тариалалтанд шилжихэд хялбар болдог ажээ.

Газар хагалахгүй тариа тарина
Ноу-тилл (No-Till) буюу газар хагалахгүйгээр тариа ногоо тарих технологийг шинжлэх ухааны сэтгүүлүүд "чимээгүй хувьсгал" гэж нэрлэж байна. Чимээгүй гэдэг нь хаврын цагаар тариа тарихдаа талбайд трактор нүргэлэхгүй гэсэн утгатай ажээ. Газрын хөрс хэмээх эргээд хэзээ ч олдошгүй эрдэнийг хайрлахын зэрэгцээгээр хөрсийг баян болгодог, хөрсөнд бичил ертөнц үүсэхэд нь тусалдаг энэ технологийг мөн л хүн ам ихтэй улс орнууд хэрэглэж эхэлснээр дэлхийн нийт газар тариалангийн талбайн долоон хувь нь Ноy-тилл болжээ. Одоогийн байдлаар хагалаагүй газарт тариа тарьж байгаа хэмжээгээрээ АНУ нэгдүгээрт, Бразил хоёрдугаарт орж, Аргентин, Канад, Австрали удаалж байна. Азийн орнуудаас ганцхан Хятад улс эхний 15 тэргүүлэгчид дунд явж байна.

Газар хагалахгүйгээр тариа тарих технологийн дараалал нь тун хялбархан. Эхлээд гербацид цацаж "хими цэвэрлэгээ" явуулна. Дараа нь шууд үр суулгана. Дараагийн шат нь дахиад гербацид цацна. Хамгийн сүүлчийн шат нь ургацаа хураана.  Мөн урд жилийн ургацын дараа сүрлийг бөөгнүүлж аваагүй, бас хогийн ургамлыг түүгээгүй, талбай дээр нь тэр чигээр нь орхисон учир өмнөх жилийн ургамлууд газраар нэвсийгээд байж байдаг. Энэ бүх нэвсийсэн навч цэцэг сүрлийн хажуугаар үрээ суулгах гэдэг нэлээд нямбай, олон цаг шаардсан ажил болно. Гэхдээ чухамхүү энэ олон өвс сүрлийг хөрсөн дээр нь үлдээснээрээ тариа ургах хөрс баяжиж, тэжээгддэг байна. Мөн салхи гарахад газрын хөрс орвонгоороо хийсч цөлжилт үүсэхгүй, бороо ороход газрын чийгийг хадгалж өгдөг, хөрснөөс нэгмөсөн арилчихсан байсан чийгийн өт зэрэг сайхан амьтдыг буцаан ирүүлж байх сайн талтай байдаг ажээ. Газрын хөрс "тас хар юм" байхаа больдог. Дээр нь өвс ногоо хөндөгдөлгүй байж байгаа юм болохоор хөрсний өнгө шаргалтан ногоорч харагддаг. Үгүйдээ л цайвартан шаргалтана. Энэ нь маш чухал зүйл юм. Учир нь харласан хар хөрс нарны дулааныг ихээр шингээн авч хөрсийг улам хуурай, улам халуун болгодог байхад, шаргалтан цайрах хөрс дулааныг тэгтлээ гүн нэвтрүүлэхгүй. Хав харласан хөрстэй газарт дулаан их хуримтлагдаж байгаа учир тэндхийн үүл нь бусдаас илүү өндөрт хөөрдөг. Харин шаргалтсан, ногоорсон газарт сэрүү татах нь илүү тул үүл намхан аялж, бороо орох нь элбэг болдог. Бороо, нар, салхитай "хамтран ажилла" хэмээн сургаж байгаа энэ технологийг хөрс хамгаалагчид, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгчид идэвхитэй дэмжиж, ноу-тилл аргаар тариалсан тариа ногоо худалдан авахыг уриалдаг байна.

Олон наст үр тариаланчдын мөрөөдөл болно
Атар газар. Энэхүү гайхамшигтай зүйлийг хагалж, устгаж байж тариа тарих биш, харин бүр тариа ногоо тарьснаар дахин атар газартай болно гэж  XXI зууны тариаланчид мөрөөдөж байна.  Байгаль дэлхий гэгч жил бүр ногоогоо харамгүй хайрлаж, ургуулж, хортон шавьжтай өөрөө тэмцэж, хогийн ургамалыг өөрөө зайлуулж, тансаг цэцэгс, жимс жимсгэнээ харамгүй ургуулдаг билээ. Хичнээн мянган жил ийнхүү ургавч байгаль эхийн ургуулсан газарт хөрс муудна гэж байхгүй, ургац алдана гэж бараг үгүй байдаг. Чухам яаж "арчилахаараа" байгаль эх өвс ногоогоо хүний оролцоогүйгээр арвин баялаг байлгаж чаддаг юм болоо. Хүний гар хүрч тариа ногоо тарьсан газарт яахаараа хөрсний элэгдэл болж, яахаараа хогийн ургамал ургаж, хортон шавьжинд баригдаж, бас хөрс нь сул шороо болтлоо элэгддэг юм бол оо.

Энэ асуултын хариуг эрдэмтэд олжээ. Тэд байгаль эхийн ид шидийн цаана байгаа "нууц ноёнтон" буюу олон наст ургамалуудын үндсийг идэвхитэй судалсан байна. Олон наст ургамалын үндэс ганц наст буудай тарианы үндэснээс хавьгүй том, хөрс рүү гүнзгий нэвтэрдэг чанартай төдийгүй хөрсөн дор "байлдах" чадвар маш өндөр болохыг тогтоожээ. Олон наст ургамалын хөрсөн доорх байлдаанд тэд хогийн ургамалыг дор нь дийлж, хортон шавьжуудыг идэх юмгүй болтол нь байлддаг болох нь тогтоогдсон байна. Үндэсний гайхамшигт чанар нь үүгээр дуусахгүй. Олон наст ургамалын үндэс нь агаарт байгаа нүүрсхүчлийн хийг боловсруулж ашиглан, газар доор нүүрстөрөгчөөр баялаг орчин үүсгэдэг байна. Энэхүү орчин нь хөрсөн доор бичил биет амьтан ургамалын таатай нөхцөл болж, хөрсийг улам чанарлаг баялаг, үржил шимтэй болгодог ажээ.

Одоогоор олон наст үр тариа гаргаж авч хэрэглэж байгаа орон хараахан байхгүй байна. Гэхдээ олон наст үр тариаг гарган авч, тариаланчид атар газар хагалж биш, атар газар бий болгож талх тариа тариалдаг болох өдөр 21-р зууны дунд үед ирнэ гэсэн таамаглал байдаг. Тэр цаг ирэхэд тариаланчид хавар болгон хөрс хуулж газраа гэмтээхгүйгээр үл барам, үр тариа суулгах, худалдан авах гэж олон удаа зардал гаргахгүй болох юм.

Одоогоор АНУ, Канад улсын их дээд сургуулиудад олон наст үр тариаг гаргаж авах туршилтууд ид явагдаж байна. Хүссэн хэмжээний ургац өгдөг, тэгсэн хэрнээ үндэс сайтай тариа гарган авахын тулд зэрлэг олон наст ургамалыг тарианы үртэй эрлийзжүүлэн туршиж байна.
Газар дэлхийг сүйтгэж биш, хайрлаж тариалах шинэ үеийн ногоон хувьсгал ийн айсуй.

VN:F [1.7.7_1013]
Rating: 10.0/10 (1 vote cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: 0 (from 0 votes)
НАР САЛХИ БОРООТОЙ НӨХӨРЛӨХ 21 ЗУУНЫ НОГООН ТЕХНОЛОГИ10.0101
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Ногоон технологи, байгаль хамгаалах, бодлого and tagged , , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>