ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХАЯГДАЛ ХРОМТОЙ УСНААС ХОТЫН ИРГЭД ХҮРТСЭЭР БАЙХ УУ

Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх л албан байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн ашигласан усыг дахин шүүн цэвэрлээд Туул голд нийлүүлдэг. Туул бол Улаанбаатарчуудын ундны усны гол нөөц билээ. Уг цэвэрлэх байгууламж бидний хэрэглэсэн усыг 95 хувиар шүүж цэвэршүүлдэг байсан ба энэ нь нэлээд боломжийн үзүүлэлтэд тооцогддог юм байна.

Гэтэл арьс ширний үйлдвэрүүд стандартын шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулдаггүйгээс уг цэвэршүүлэлтийн чанар даруй 20 хувиар буурсан байна. Нэг үгээр, усыг дөнгөж данган 70-75 хувьтай цэвэршүүлэх болсон гэнэ. Ноос, арьс шир угаах үйлдвэрүүдийн үйл ажиллагааны стандарт горим ёсоор бол үйлдвэрлэлд хэрэглэсэн бохир усаа тодорхой хэмжээгээр шүүн цэвэршүүлэх багаж төхөөрөмжтэй байх ёстой ажээ.

1972 онд арьс ширний үйлдвэрүүдийн технологийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн харъяанд байгуулагджээ. Тухайн үедээ Шеврет, Монгол шир, Хромюфть, Үслэг эдлэлийн гэсэн таван үйлдвэрийн бохир усыг цэвэрлэж Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг байж.

Харин зах зээлийн жамаар тус цэвэрлэх байгууламж хувьчлагдан үйлдвэрүүд нь зогсонги байдалд орж, засвар үйлчилгээ хийгээгүй, техник, технологи нь хуучирснаас цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа хэвийн явж чадахаа больсон байна. Үйлдвэрүүдийн химийн шугам нь ажилгүй болж, бусад тоног төхөөрөмж нь ч хуучирч, технологийн горим алдагдан, зайлшгүй шаардлагатай химийн бодисууд хангалтгүй байгаагаас үйлдвэрүүдээс авсан хромын бохирдолтой усаа зөвхөн механик цэвэрлэгээ хийн Төв цэвэрлэх байгууламж руу шахаж байгаа аж.

Үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийн хромын агууламжийг 15-20мг/л хүртэл бууруулж байгаа ч энэ нь стандарт хэмжээнээсээ даруй тав дахин их аж. Сүүлийн жилүүдэд Туул голоос ундаалдаг мал, амьтанд саажих, орингот, хээлийн хүндрэл, булчин цайх, малын үс унах, хэт давжаа төл гарах болсон нь Туул голын ус хром болон бусад химийн бодисоор хордсонтой холбоотой нь тогтоогдоод байна.

Тус компани бохир усыг нь цэвэржүүлснийхээ төлөө үйлдвэрүүдээс төлбөр мөнгө авдаг  боловч тэр нь технологи, тоног төхөөрөмжөө шинэчлэх хэмжээнд хүрч чаддаггүй аж. Тиймээс ямархуу хэмжээнд цэвэрлэгдсэн ус төв цэвэрлэх байгууламж руу очиж байгаа нь ойлгомжтой. Манай төв цэвэрлэх байгууламж хүчин чадал, ашиглалтын хугацаанаас хамаарч цэвэршилтийн хувь дээр дурьдсанаар 20 хүртэл хувиар буурсан нь Туулд ус цутгаж байгаа үйлдвэрийн бохир төдий хэмжээгээр хор агуулж байна гэсэн үг. Эндээс нийслэлчүүд бид ямар усаар ундаалж байгаага мөн л тодорхойлж болно.

Улаанбаатарын бүх айл өрх 5-6 давхар шүүлтүүртэй ус цэвэршүүлэгч ашигладаггүй нь лавтай. Өдрийнхөө хоолыг арай ядан залгуулж байгаа хүмүүст тэр бол зэрэглэлийн тансаг хэрэглээ. Тэгэхээр Улаанбаатарын хүн амын ихэнх нь химийн хорт бодистой ус ууж хэрэглэж байна гэсэн үг.

Хорт хавдрын өвчлөлөөрөө Монгол улс дэлхийд дээгүүр “цохидог”. Сүүлийн жилүүдэд өвчлөл улам бүр залуужиж, өвчлөгчдийн тоо эрс өссөн нь энэхүү эрүүл ахуйн шаардлага хангахгүй ус ямар нэг хэмжээгээр нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй билээ.

Хөөрхий Улаанбаатарынхан, хорт утаагаар уушиг цээжээ хордуулахын дээр химийн хорт бодис цутгадаг гол усаар ундаалж байгаа хойно яаж ч эрүүл байх билээ. Манайд ноос, арьс шир угаах, боловсруулах 50 гаруй үйлдвэр байдаг юм байна. Энэ бол манай Улаанбаатар шиг жижигхэн хотод ахадсан тоо ажээ.

Төр засгаас арьс ширний үйлдвэрүүдийг хэтдээ хотоос гаргах бодлого барьж байгаа нь зөв шийдвэр. Эмээлтэд төвлөрүүлэх зорилготой байгаа ч техник эдийн засгийн үндэслэл, тооцоог хийгээгүй юм байна. Гэхдээ эхлээд цэвэрлэх байгууламж барьсны дараа үйлдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Солонгос, Чех, Хятад зэрэг орнуудаас эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлээр цэвэрлэх байгууламж барьж өгье гэж байгаа ч наад зах нь 3 жил шаардагдах аж.

Тиймээс мэдсээр байж Туулаа бохирдуулж нийслэлчүүдээ хордуулж байснаас одоо байгаа цэвэрлэх байгууламжаа засан сэлбэн хэвийн үйл ажиллагаанд оруулсан нь арай бодитой билээ. Ийм үйл ажиллагаатай үйлдвэрийн эзэд бусдад ямар хор хөнөөлтэйгөөр ашиг орлого олж байгаагаа мэдэж байгаа боловч нүдэн байлай, чихэн дүлий байх нь тодорхой. Харин Мэргэжлийн хяналтынхан, шийдвэр гаргах түвшнийхэн хөдлөх цаг болсон бус уу. Өдөр сар өнгөрөх тусам цэвэрлэх байгууламжийн ашиглалтын хугацаа, хүчин чадал муудахын хэрээр хэрэглээний цэвэр усны чанар муудна, хорт бодисын агууламж, сөрөг нөлөө мэдээж нэмэгдэнэ.

Ер нь энэ бол арьс ширний үйлдвэрүүдийн бус нийслэлийн хүн амын эрүүл мэндийн асуудал билээ.

VN:F [1.7.7_1013]
Rating: 0.0/10 (0 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: 0 (from 0 votes)
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in блог and tagged , , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

This website uses IntenseDebate comments, but they are not currently loaded because either your browser doesn't support JavaScript, or they didn't load fast enough.

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • About Nomad Green|關於遊牧綠

    Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.

    Supported by|支持夥伴

  • Partnering with|內容合作夥伴

    demotix

    TEIC

  • Join us!| 加入我們!

  • Tweet with @nomadgreen

  • Be Our Fan

    Nomad Green on Facebook