Мандах наран зүгт зорчсон эко аялал 2

Categories blog
0

Д.Мөнгөндалай

Анх нийтэлсэн Өдрийн сонин

 

Алтан Овоо

Гэрэл зургийг Ж.Отгонсүрэн

DSC_0882

гэрэл зургийг Ж.Отгонсүрэн

Дарьганга  өмнөхөөсөө өөр болжээ. Жижигхэн энэ сум их  хөлийн газар  болсон нь илт. Нутгийн  айлууд  хашаа хороо барьдаггүй, гэрийнхээ гадаа аргал, хомоолоо овоолоод хаячихдаг байсан юм. Одоо их л сууриншиж, бас л жишиг хороололтой болж, ижилхэн өнгөөр жигдэрсэн хашаанууд ярайж байх юм. Сумын хойд энгэрт алтан овоо дүнхийж, үзэсгэлэнт  байгалиа улам тодотгон,  аль галавын эртний түүх өгүүлэн байх аж.  Хүүхэд байхад очиж золгодог байсан нутгийн хөгшчүүл цөөрчээ. Харин идэр залуу явсан ах нар хижээл эрчүүд болцгоож. Аргагүй биз дээ. Эрвээхэй, царцаа хөөж хөл нүцгэн таваргаж явсан үе аль эрт ард хоцорсон байхад эд нарыг маань ч он цаг элээлгүй яахав. Танил айлын жаахан хүүхдүүд  мотоцикль унасан том залуус болж хөндөлдөөд, шинээр нээгдсэн баахан дэлгүүрийн үүдээр хотоос ирсэн уугуул биднийг сонирхон харж, хоорондоо нэгийг хэлэлцэн зогсох аж.  Хуучин хүү хул морин дээр хатируулсаар ирдэг үе өнгөрчээ. Орчин үед мотоцикль дээр л хөндөлсдөг  болж.  Хаа газар энэ унаагаар  малаа хариулах юм.

Бид хуучин цагт Дарьгангын амралт гэдгээрээ алдаршсан гэр амралтанд  үдлэв. Багад байсан  сайхан сийлбэртэй,  модон тавилгатай тансаг гэрүүд өнгө зүс тааруухан, хуучирч мууджээ. Жуулчид холхих энэ газрыг яагаад ингэж тордоогүйг огт ойлгосонгүй. Зах зээлд ороогүй ганц газар энэ л байх шиг. Биднийг энэ тэрхнийг ярин суух зуур сумандаа багшилж явсан   Д.Дугарсүрэн гуай ирж уулзлаа.

Саарал дээл, бүрх малгайгаар гоёсон тэрээр залуу байхдаа төлөвлөгөө биелүүлэх гэж ан ав хийдэг байж. Тиймээс өөрийгөө “Байгальд өртэй хүн” гэж хэлэв. “Өрөө төлөх”-ийн тулд байгаль орчноо хамгаалж  чамгүй ажил хийдэг юм байна.   Тэрээр  өндөр настнуудаа уриалаад Алтан овоог тойруулж 108 суварга босгохыг  эсэргүүцэж, 108 мод тарьжээ. Мөн тарвага ховордоод байгаа энэ үед хоёр тарвага нутагшуулсан нь одоо долоо болчихож. Түүний өрнүүлээд байгаа бас нэг ажил нь Дарьганга сумаа бааргүй сум болгох гэнэ. Тиймээс архи уудаг “болохгүй” нөхдийн дунд уралдаан зарлажээ. Хэд хэдэн болзолтой. Жилийн хугацаанд архи уухгүй, тавьсан болзлыг биелүүлсэн эхний арван зургаан хүнийг Хамрын хийд рүү аялуулжээ. Дараагийн ээлжинд дахиад л арван зургаан хүн явах юм байна.   Бид түүнээс асуулаа. “16 гэдэг тоо ямар учиртай юм” гэж. Тэрээр “Нэг микро автобусанд төдий тооны хүн багтдаг учраас” гэв. Түүнтэй энэ мэт нутаг орны сонин хуучийг яриулсаар бид цааш аян замдаа гарлаа.

Эндээс бид Ганга нуурын зүг явж хунгийн чуулган үзсэн юм. Энэ талаар тусад нь бичих тул Ганга нуураас Ламтын застав хүрсэн аян замын тэмдэглэлээ хүргэе. Ламт уулын нэрээр нэрлэгдсэн уг заставт бид оройхон хэрд хүрч ирлээ. Зам зуураа бид цэрэг армийн сэдэвтэй сайхан дуунуудаар эвлүүлэг хийн дуулж  заставынханд бяцхан урлагийн тоглолт бэлтгэлээ.

Монгол Улсын зүүн хил,  Онгоны отрядын Ламтын заставт бүрий тасарсан үед бид ирлээ. Монгол Улсын торгон хил амгалан угтлаа. Цэрэг татлага саяхан дуусаад шинэхэн цэргүүд торгон хилээ манахаар ирцгээжээ.

Биднийг угтан бов бор цэрэг гүйхээрээ ирэн, өөрөөс нь гарамгүй цовоо чанга хоолойгоор  “Амрыг эрье” хэмээн ёслоод  учир явдлаа тайлбарласны эцэст цааш илтгэлээ. Түүний тэвхийтэл ёслох нь хүндлэм сайхан санагдав. Эх орноо манаж буй цэрэг эр.  Түүнд маш том хариуцлага эх орон нь үүрүүлсэн.

Заставынхан хүний мөрөөс болсон байдаг хойно, зочид ирнэ гээд чамгүй бэлдчихэж. Бид ч “Хил амгалан уу” гэсээр тэдэнтэй уулзлаа. Яагаад ч юм сэтгэл хөдлөм, хачин мэдрэмж.  Гадаа жиндүүхэн, салхитай, чив чимээгүй. Тэнгэрт түмэн одод тодоос тод.  Заставын байранд ороход уур савсуулсан халуун, сайхан хоолны үнэр хамар цоргино.   Цэргүүд дүрэмт хувцсаа цэмцгэрхэн өмссөн ч гадуураа дулаан шинельгүй байх аж.   ”Та нар гадуур хувцсаа яачих аа вэ” гэхэд “Хангалт ирээгүй байгаа, гэхдээ бид дотуураа үстэй хүрэмтэй” гэв. Тэр хүйтэнд мэдээж даарч л байгаа байх. Цэрэг хүн ингэх л ёстой юм шиг тэд  тоомжиргүй хариулсан ч бидэнд бол тоож анзаарахаар санагдав.

Оройн хоолны дараа  Соёл хүмүүжлийн танхимд нь биднийг хүлээж авлаа. Мэдээж энэ хооронд уулын орой дээр цэргүүд алсыг анирдан хилээ манан  зогсож байгаа.  Соёл хүмүүжлийн танхим их л давчуухан. Энэ мундаг эрсийг яаж багтаадаг юм гэлтэй. Хоймортоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургийг хадаж, ханаараа дүүрэн дүрэм журам, мөн  Монгол Улсын үе үеийн баатруудын   хөргийг он дараалуулан өлгөжээ. Мэдээж  ганган хөгжим, хана дагуулан байрлуулж. Бүсгүйчүүд нь даашинзаа өмсөн жигтэйхэн гоёчихож. Хаа очиж  халуунд халж, хүйтэнд хөрч эрчүүдтэй мөр зэрэгцэн хил дээр ажиллаж амьдарч байгаа гэхэд гоо сайхан, залуухан бүсгүйчүүд.

Заставын дарга үг хэлсний дараа шууд л хөжим эгшиглэв.  Хүүхэд байхад энэ заставуудаар явахад удирдалгууд нь нэлээд ахимаг насны хүмүүс байсан бол одоо их л залуужжээ. Хорин хэдтэй шижигнэсэн залуус гэр бүл,  үр хүүхэдтэйгээ хил манах хүндтэй үүргийг гүйцэтгэдэг болж.

Хөгжим эхэллээ.  Байсхийгээд л цэнгээнт бүжгийн ая эгшиглэнэ. Задгай цагаан, хүмүүн төрөлхтөний танил ая эгшиглэж байснаа гэнэт “Ганнам стайл” гээд л будилчих юм.  Танхим хэдийгээр жижигхэн ч тохь тух, цэвэр цэмцгэр байдал гэж ярих юм алга.

Хэдийгээр алс хил ч гэлээ энд амьдрал өрнөж байна. Хэдхэн  сартай болов уу гэмээр жаахан хүүхдээ харах хүнгүйгээс аваад иржээ.  Бяцхан жаал гэнэт ирсэн гийчдийг гайхан харах аж. Энэ үед  бид ч тэдэнд бэлтгэсэн  тоглолтоо үзүүлж, алга ташилтаар мялаалгаад хил дээрх  чимээгүй, нам гүмийг   дуу хуураар хөглөж өгөөд энэ өдрийн арга хэмжээ өндөрлөв. Хугацаа хэдий бонинохон ч бүгд л  сэтгэл хангалуун байв. Чухал алба хашиж байгаа тэднийг удаан уяхыг хүссэнгүй, бид ч амарцгаалаа.    Заставын дарга  биднийг нар мандахаас өмнө  хилийн багана дээр дагуулж очив. Баганы цаад талд Хятадын хил, наад талд  Монгол Улсын маань дархан  хил.  999 гэсэн дугаар бүхий Монгол Улсынхаа хилийн баганад бид хүндэтгэл үзүүлж, гайхамшигт эх орон минь үүнээс нааш бий  гэж бахархалтайгаар ярилцан, нулимс унаган  дуулцгаав. Энэ бол аяллын маань мартагдашгүй нэгэн мөч. Ингээд торгон хилийн зааг дээр байдаг Шилийн богд уул руу явцгаалаа.

Эх орны маань торгон хил хилээ манан зогсох цэрэг эрс  маань үүрэгт ажлаа үргэлжлүүлэн тэндээ үлдэж бидний аялал цааш үргэлжлэв.

Шилийн богд уул алсаас сүр бараатайхан харагдаж, Бидний хөтөч Бадарч гуай шилийн сайн эрсийн домог хүүрнэлээ. Шилийн сайн эр Торой бандийн хайрт бүсгүй Шармааны дууг энэ үед Болороо маань уянгатайхан дуулж,  аяллын багийнхан маань тэр нэгэн цаг үеийг сэтгэлдээ бүгд өөрсийнхөөрөө төсөөлөн явцгаалаа. Би л хувьдаа Болороогоо Шармаан гэж  ийм л үзэсгэлэнтэй, цээл хоолойтой, ялдам нэгэн бүсгүй байснаар төсөөлсөн шиг Шилийн богддоо очлоо.

Шилийн богд сайн эрс нуугдаж,  хоргодох олон агуйтай л даа. Тэр л олон агуй хонгилд арван тавны цагдаа нараас нуугдаж, мөн аян замын алжаал тайлдаг байсан биз.

Уулын энгэр бэлээр аядуу чиг оройгоор нь  салхи ихтэй байдаг юм. Шилийн богдод гарахад   талын салхи тааваараа үс гэзгээр тоглон, хацар хорсгон үлээнэ. Томоос том улаан наран нүд ирмэх зуур тал нутгийг тэр чигээр гийгүүлэн мандах тэр агшин юутай гайхалтай.    Эх оронд минь өглөө болоход нар эндээс ингэж л манддаг. Шилийн богдын орой дээрх овоог бид хүндэтгэлтэй тойроод дараагийн ажилдаа шамдлаа. Бид байгалийн сайхныг зүгээр нэг гайхан бишрэх гэж ирээгүй. Шилийн богд уулыг минь шилэн овоо болтол нь архины шилээр даржээ. Бид тэр орчмыг цэмцийтэл цэвэрлээд ууталсан хогоо барин бэлээс зайдуухан   хогийн цэгт аваачиж хийлээ. Салхи ихтэй байхад салют буудуулж байгаа хүмүүстэй таарч бид баахан зэмлэв. Тал газар хуурай салхи ихтэй энэ үед л түймэр гарах магадлал өндөр учраас тэднийг зэмлээд дахиж ингэж болохгүйг сануулав.

Хөтөч Бадарч ах ч тэдгээр хүмүүсийн саваагүй энэ үйлдэлд их л хилэгнэв.  Ингээд бид бэлд бууж ирэхэд хөтөч маань олон мянган мод тарьсан Шилийн богдын бэлд биднийг авч ирлээ.  Нэг гэр  бүлийнхэн  олон арван мянган мод тарьсан аж.  Хэнээс  ч мөнгө нэхэж гуйлгүй  өөрсдөө ингээд тарьчихсан нь сайхан санагдлаа. Эндээс бид тал нутгийн нэгэн гайхамшиг талын агуй  үзэхээр аяллаа үргэлжлүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>