Хөдөө хээр аялагсад түймрээс сэргийлэхээ ямагт санууштай

Categories News, баримт
0

Салхи ихтэй хуурай энэ улиралд хуурай өвсөнд авалцсан гал замдаа тааралдсан бүхний хуйхлан түймэрдсний ул мөр Шилийн Богдоос чинагш урт удаан үргэлжлэв.

Шилийн Богдын орой дээрээс орчин тойрноо тольдоход үнэхээр сэтгэл уужрам сайхан ч хэдхэн хоногийн өмнө хуйхлаад өнгөрсөн түймрийн цурам бараатаж үзэгдэх нь харамсмаар. Бидний замд энэ мэт түймэрт шатсан хэдэн арван мянган га талбай тааралсдан юм.

Ийнхүү гамшигийн ул мөр нүдэн дээр ил харагдсаар атал Шилийн Богдыг зорин ирсэн халамцуу эрчүүд орой дээр нь хийморио сэргээснээ тэмдэглэн салют буудан хөөрцөглөх нь дэндүү тэнэг үйлдэл биш гэж үү. Толгой дээрх малгайг нь хуу татчих гээд байгаа салхитай тэмцэлдэн зууралдах атлаа нөгөө гараараа  салют харваж байгаа тэдгээр хүмүүсийг хараад өөрийн эрхгүй уур хүрэв. Тэрхүү малгайн дор эрүүл ухаантай толгой байгаа гэж итгэхэд хэцүү  санагдана.

Shiliin BogdТа бүхний харж байгаа энэ зураг бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Алдарт Шилийн Богд уулын ойр орчимын газар. Их түймэр Шилийн Богдын хойхно талаар өнгөрөхдөө “Талын агуй” жуулчны баазны гэрүүдийн үүдийг шүргээд зогссон цурам харагдана.
Зөвхөн энэ 10 р сард гэхэд л Эрдэнэцагаан сумын нутаг 5 удаа түймэр гарч 186100 га талбайг хамарч, 29 айлын өвөлжөө хаваржаа галд автжээ. Эрдэнэцагаан сумын нутагт гарсан дээрх 5 түймрийн нэг нь Асгат сумаас, нөгөө нь Сүхбаатар сумнаас дамжин орж ирсэн, үлдсэн 3-ийг хулгайн анчид тавьсан гэж мэдээлж байна. Энэ бол ганцхан сумын нутагт гарсан түймрийн тоон мэдээ юм.
10 сарын 21 ны шөнө дунд биднийг Эрдэнэцагаан сумын нутагт очиход Засаг даргын Тамгын газрын ажилтнууд дөнгөж сая түймэр унтраагаад ирлээ” гэсээр нүд нь улайж, ядарсан төрхтэй угтсан юм. Тамгын газрын орлогч Гансүхийн ярьснаар, түймэр унтраах үед салхины чиглэл өөрчлөгдөж багагүй хүндрэл учруулж байсан хэдий ч аймгаас хүн хүч машин техник нэмж ирүүлэн бүтэн нэг шөнө хоёр өдрийн турш галтай тэмцсэний хүчинд түймрийг унтрааж чадсан бөгөөд хүний амь нас хохироогүй , харин 8 айлын өвөлжөө түймэрт шатсан байна.
TuimerTuimer1
Ерөөсөө энэ намар зүүн бүсийн нутгуудад түймэр ихтэй байна. Энэ сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг гарсан түймэр хоёр аймгийн 3 сумыг хамран их хэмжээний га талбай шатааж асар их хэмжээний гамшиг хохирол учруулсан байдаг.

Салхи ихтэй, хуурайшилттай хавар намрын улиралд ой, хээрийн түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас байнга анхааруулдаг ч манай иргэдийн хайхрамж болгоомжгүйгээс их хэмжээний бэлчээр нутаг, өвөлжөө хаваржаа, цаашлаад хүний амь нас, эд хөрөнгө хохирсоор байгаад юм. Эргэх 4 улирал малаа даган нүүдэллэдэг малчдын маань амин хэрэгцээ болсон бэлчээрийг нь хэн нэгэн болгоомжгүй аянчид энэ мэт намар хавартаа түймэрдээд байх нь хэтэрхий хариуцлагагүй үйлдэл бөгөөд хулгайн анчлын тавьсан түймрийн хохиорол хэдэн зуун саяар үнэлэгдэж байхад, харин гэмтэн этгээд ямар шийтгэл хүлээдгийг хэн ч хэзээ ч мэдээлдэггүй. Бэлчээр нутаг, өвөлжөө хаваржаагаа, тэр бүү хэл гэр орон, амь насаа түймэрт алдсан малчид иргэдийн хохирлыг хэн барагдуулж, хэдий хэмжээний нөхөн төлбөр өгдөгийг ч мөн судалж үзэх л ёстой.
Хуурай, эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг гэдгээ иргэд ойлгодог, нутаг орныхоо байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлийг мэдэрч, хавар намрын улирал онцгой сонор сэрэмжтэй байхад суралцах, энэ талын сануулга, сэрэмжлүүлэг сургалт сурталчилгаанд багагүй мөнгө төсөвлөж байх нь зүйтэй юм. Хохирсоны хойно нь нөхөн төлж байснаас, хохирлоос урьдчилан сэргийлэхэд мөнгө хөрөнгө хүн хүч зарцуулбал гарах зардал бага төдийгүй иргэд мэдлэг, мэдээлэлтэй хариуцлагаа ухамсарлах сайн талтай сан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>