Монголын эдийн засагт хүнд цохилт өгсөн хоёр мэдээ

Ердөө хоёрхон мэдээллээс болж Монголын эдийн засаг хүчтэй цохилтод орсон гэнэ. 2012 оноос хойш хямарсан эдийн засаг өнгөрсөн хоёр долоо хоногт гарсан “Оюутолгой 1700 ажилтнаа хална, далд уурхайгаа зогсооно” гэсэн мэдээллээс болоод хүнд цохилт авч долларын ханш суга өслөө гэж хэвлэлүүд бичиж байна.

Эдийн засгийн ажиглагчид, мэргэжилтнүүд “улс төрийн популист амлалтууд сүүлийн 4-5 жилд иргэдийн хүлээлтэд асар хүчтэй нөлөөлж, хэрэглээг асар ихээр тэлсэн. Оюутолгойгоос 250 сая ам.доллар, Чалкогоос 350 сая ам.доллар аваад тараачихсан, бид түүнийг хуваагаад идчихсэн. Үүнийхээ горыг амсаж байгаа гэж тайлбарлалаа. 2008 оны сонгуульд санал авахын тулд МАХН-ын эрх баригчдын амласан 1.500.000 төгрөг иргэн бүрт сар болгон 21000  /ойролцоогоор 15 доллар/ төгрөг буюу чухамдаа хоногийн хоол, хундаганы дарс болоод л өнгөрсөн үнэн. Хүсээгүй байхад өгөөд байсан мөнгө өдгөө ийнхүү дарамт болон хувирчээ.

2012 оны сонгуулиар гарч ирсэн Шинэчлэлийн ЗГ-ын тэргүүн ч мөн өнөөдөр мөнгө санхүүгийн хямралын бурууг өмнөх эрх баригчид руу зааж байна.

Статистикийн мэдээгээр энэ оны эхний хагасад гадаадын хөрөнгө оруулалт 43 хувиар буурч $1.41 тэрбум болсон гэж байна. Нүүрсний экспорт $1 тэрбум байснаа $542.4 сая болж 2013 оны эхний хагаст нийт экспортын хэмжээ $2.53 тэрбумаас $2.35 тэрбум хүртэл буурсныг ЗГ-ын албан ёсны эдийн засгийн мэдээлэлд дурьджээ.

Өнгөрсөн 2-р сард Монголын ЗГ, Рио Тинто хоёрын хооронд үүссэн  ОТ-н гэрээ, татварын болон ТУЗ-ын гишүүдийн эрх үүргийн талаарх маргаан өнөө хүртэл шийдэл хүрч чадаагүй байна.

“Рио Тинтогийнхон Хятадтай хийсэн худалдааны гэрээгээ ОТ-н Монголын талын Удирдах Зөвлөлийн гишүүдэд үзүүлэхгүй байна. Хэрэв тэд худалдааны гэрээгээ манай талд үзүүлэхгүй гэж байгаа бол орлогын гүйлгээгээ Монголын банкаар дамжуулж хийх ёстой” гээд “8 тэрбум долларын үнэ бүхий худалдааны гэрээг Монголын хуулийн дагуу Оюутолгойн УЗ-өөр баталгаажуулах ёстой” гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Бүтэн 6 жилийн турш сунжирч, өчнөөн хэл ам болон байж зурагдсан Оюу толгойн гэрээ 2009 онд батлагдахад гадаадынхан “маш том амжилт” гэж, харин Монголын тал, ялангуяа ИНБ-ынхан “маш муу” гэрээ гэж дүгнэсэн нь ирээдүйд зөрчил дагуулахыг мэдээд хэлсэн ч байж болох.

Хөрсөн доорх баялагийг нь авна гэж бодохоос нойр нь хүрэхээ болиод байгаа гадаадынхан Монголын тухай байнга бичих болсон. Жишээ нь сяхан Блүүмбэрг дээр Монгол бол хөрсөн дороо $1.3 их наяд-аар үнэлэгдэх асар их  баялаг агуулсан, Австралийн нүүрс, Бразилийн төмөр, Чилийн зэсийг ч ардаа орхиж, дэлхийн ашигт малтмалын бараа бүтээгдэхүүний газрыг зургийг шинээр зурах орон гээд “удахгүй бид монголчуудыг Катар Кувейтын иргэд шиг баян болгох гээд байхад юу ч ойлгохгүй /бараг л малнууд гэх аястай / юм аа” гэх.

Хөрөнгө оруулагчдын талыг баригсад Монголын ЗГ-ыг шүүмжилж бичихдээ ”аливаа бизнест Засгийн газар оролцох нь мөнгөө дэмий үрэх, эцэст нь тухайн бизнес  бүрэн сүйрч дуусах шилдэг арга байдаг гэж зөвөлжээ.

Монгол бол ардчилсан орон, иргэд нь эрх баригчид, ЗГ-ыг байнга шүүмжилдэг чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлж яваа улс. Харин энэ удаад хэвлэлийнхэн нутаг нэгтнийхээ талд байна. Байгаль орчны төлөө санаа тавьдаг Иргэний нийгмийн төлөөллүүд 30-40 жилийн дараа бид юутай үлдэх вэ гэдэгт илүү нухацтай хандахыг хүсдэг. 40 жилийн дараа шүүхдээд юу ч олж чадаагүй яваа Африкийн жишээ бол бодит үнэн тул түүнийг бид давтмааргүй байна гэдэг.

Асар их баялагтай, өргөн уудам нутагт, бараг 100 хувь бичиг үсэг тайлагдсан 2,9 сая хүн амын дунд  аливаа мэдээлэл маш хурдан тархдаг. Ил тод байдлыг шаардах иргэний нийгмийнхний дуу хоолой өдрөөс өдөрт хүчтэй сонсдох болсон тул улс төрийн алив шийдэл чихнээс холуур өнгөрөх нь ховор.

Байгальтайгаа хүйн холбоотой, эх нутагтаа алд биеэсээ илүү хайрладаг нүүдэлч монголчууд уул уурхайн хэт их олборлолтод мөхөж сүйрсэн газар нутгаа хараад маш их эмзэглэдэг. Энэ өвөрмөц онцлогийг улс төрчид, бизнес эрхлэгчид сайн ойлгодог тул болгоомжтой ханддаг, харин хөрөнгө оруулагчид үүнийг үл тооно.  Энэ магадгүй Рион Тинто-г шүүмжлэх иргэдийг бухимдуулж, үл ойлголцол, хардлагыг хүчтэй болгодог.

ОТ-н Гэрээн байнга шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг  УИХ-ын гишүүн С.Ганбаатар  саяхан: Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд 6.2 тэрбум ам.доллар гэж байсныг одоо 14.5 тэрбум ам.доллар болгохоор тулгаж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Учир нь УИХ-аар батлагдсан ТЭЗҮ-ийг ямар ч үндэслэлгүйгээр 14.5 болгох, цаашлаад 24.5 болгохоор Засгийн газарт тулгаж байна. ..Рио Тинто дээрх шаардлага гүйцэлдүүлэхийн тулд, далд уурхайгаа хааж, ажилчдаа халах тухай мэдэгдсэн нь ЗГ-ыг шахаанд оруулж, өрийн бичгээ бидэнд тулгаж, батлуулах гэсэн хэрэг” гэж мэдэгдсэн.

Ингэж иргэд, улстөрчид бүгд нэгэн дуугаар эсэргүүцэж буй хөрөнгө оруулалалтын гэрээнд зайлшгүй эргэн харах хэрэгтэй зүйл байна л гэсэн үг.

Хөрөнгө оруулагч тал ЗГ болон иргэдийн нэхэж шаардаад буй гэрээний зүйл заалтыг огт ярихгүй байгаа нь монголын талынхны эгдүүцлийг төрүүлж маргаан сунжрах нэг шалтгаан болж байх шиг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>