Дээд шүүхээс Хөвсгөл аймгийн Бүрэнхааны Фосфоритын ордод хууль бусаар олгогдсон 8 тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Т. Тайванжаргал 

Хүний эрх хөгжилт төвийн хэрэгжүүлж байгаа нийтийн эрх ашгийн стратегийн өмгөөллийн хүрээнд 2010 оноос эхэлсэн Хөвсгөл аймгийнБүрэнхааны фосфоритын ордод хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах хэрэг 3 жил орчим үргэлжилснийг 2013 оны 06-р сарын 24-ний өдрийн Улсын дээд шүүхийнЗахиргааны хэргийн тэнхимийн хуралдаанаар амжилттай шийдлээ.

Энэ хэргийг шүүхээр амжилттай шийдүүлэхэд олон талын хамтын ажиллагаа ач холбогдолоо өглөө. Хэргийн нэхэмжлэгчээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн иргэн Д.Мягмарчулуун, Ж.Базаррагчаа, О.Даваажав, Т.Даваачулуун нар тэднийг төлөөлөн ХЭХТ-ийн хуульч, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Б.Батхишиг, ХЭХТ-ийн гэрээт өмгөөлөгч, Байгаль хамгаалах хуульчдын холбооны тэргүүн Ш.Жаргалсайхан, Хөвсгөл далайн экосистемийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөлдалайн эзэд ТББ түүнийг төлөөлж,тус байгууллагын тэргүүн Б.Баярмаа нар хамтран ажиллаа.

Стратегийн орд газрын жагсаалтад орсон энэхүү Бүрэнхааны фосфоритын ордын нутаг дэвсгэрт Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт олон зуун малчин өрх, хэдэн мянган мал бэлчээн амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл Ашигт малтмалын газар хууль зөрчин Талст маргад ХХК-нд ашиглалтын 2, хайгуулын 6 тусгай зөвшөөрөл олгосон төдийгүй, тэдгээрийг цуцлах нөхцөл бүрдсээр байхад цуцлахгүй байсан юм. 

Бид Талст маргал ХХК-нд хууль зөрчин олгосон 11428А,3999А тоот ашиглалтын, 12633Х,12634Х, 12635Х, 12636Х, 12637Х, 12638Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг АМГ-т даалгах нэхэмжлэлийг шүүхэд 2011 оны 02-р сард гаргасан.

Анхан шатны шүүх хурал 16 орчим удаа хойшилсоор 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж Талст маргад ХХК-ийн ашиглалтын 2 лицензийг түдгэлзүүлж, хайгуулын 6 лицензийг цуцлахыг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн эсрэг нэхэмжлэгчид давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд дахин гаргасан боловч 2013 оны 4 сарын 29-нд хэлэлцээд дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыгхангахгүй орхисон юм.

Ингээд нэхэмжлэгчид Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар дахин гомдол гаргасныг тус шүүх2013 оны 6 дугаар сарын 24 –ны өдөр хэлэлцээд Бүрэнхааны фосфоритын стратегийн орд газарт Талстаргад компанид олгосон ашиглалтын 2, хайгуулын 6 лиценз нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган тус зөвшөөрлүүдийг цуцлахыг АМГ-т даалгажХөвсгөл далайн эзэд ТББ-ын нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хангасан шийдвэр гаргалаа. Дээд Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тал нь Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлт гаргадаг байсныг Шүүхийн тухай шинэ хуулиар хаасан учир энэ хэрэг ийнхүү эцэслэн шийдвэрлэгдлээ гэсэн үг.

Ингэснээр Далай ээж цаазын тавцангаас буулаа. Учир нь Талст маргад компани 2012 оноос үйл ажиллагаагаа идэвхжүүлж, Оросоос компани авчран нөөц нь нэгэнт тогтоогдож, улсын эрдэс баялгийн санд бүртгэгдсэн стратегийн ордод олон тооны өрөм зоож, Тагш уулын оройг тэгшлэн, олон салаа зам гаргаж, нэр нь үл мэдэх химийн хорт бодис бүхий шингэн зүйлийг уулын уруу урсган нутгийн олныг түгшээгээд байсан юм.

Улсын дээд шүүхийн энэ шийдвэрийн ач холбогдлыг нь үнэлж баршгүй бөгөөд үүнээс цөөн хэдийг дурьдвал :

  • Орон нутгийн уугуул малчин иргэдийн байгаль орчны эрхийг хамгаалсан,

  • Уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн амьжиргаагаа авч явах эрхийг баталгаажуулсан,

  • Уул уурхайн үйл ажиллагаанаас хохирол амсахаас урьдчилан сэргийлэх боломж олгосон,

  • Уул уурхайд шахагдан нутаг усаа орхих эрсдэлийг арилгасан,

  • Хөвсгөл далай түүний экосистемийг хамгаалсан,

  • Ашигт малтмалын газрын хууль бус үйлдэлээс үүсэх, засаж болошгүй хор хөнөөлийг таслан зогсоосон зэрэг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>