Кожегоби компани огт гэм зэмгүй юу?

Ураны хайгуул олборлолт явуулж байгаа Францын Арева -гийн компанийн эзэмшлийн талбайн орчимд нутагладаг малчдын үхэр мал үхээд байгаа тухай мэдээ сүүлийн гурван сарын туршид хэвлэлийн гол сэдэв болсоор хэдий ч учир шалтгаан нь юунд буйг одоо хүртэл хэн ч тайлбарлаагүй байна.  Энэ тухай бид өмнө нь цөөнгүй бичиж байсан.

Монголын байгаль орчны  иргэний зөвлөл (МБОИЗ)-д нэгдсэн ТББ-ууд болон цөмийн хөнөөлийн эсрэг  идэвхтэй тэмцэгчид Арева -гийн охин компанийн “Кожегоби”  ХХК-д хандаж уран хайгуул, олборлолтын туршилт хийхдээ гаргаж буй зөрчлүүдээ арилгахыг шаардсан бичиг хүргүүлсний хариуд тус компани ингэж хариулсан юм.

2012.10.2-нд илгээсэн бичгийн хариуд: 2012.10.15-ны 2012/548 тоот бичигтээ “Кожегоби” ХХК:

-Монгол улсын хууль дүрэм, олон улсын стандартын дагуу ажиллаж байгаа;
-уран олборлоогүй, шар нунтаг үйлдвэрлээгүй;
-орон нутгийн төр захиргааны байгууллагаас санал авсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл авсан;
-ажиллагсаддаа тусгай хамгаалалтын хувцас, хэрэгсэл өгдөг;
-ОУАЭА-ийн хатуу хяналтын дор ажилладаг

Ulaanbadrah сумын малчин

зургийг Ж.Отгонсүрэн

Ulaanbadrax sumiin irged

photo by J.Otgoo /at the demonstration against uranium extraction/ 

гээд ямар ч зөрчил байхгүй, гарч байгаа ч үгүй мэт хариу өгсөн. Тэмцэгчид “Хариу бичиг илгээвэл мөн л адилаар ийм үгүйсгэсэн, үндэслэл багатай хариу ахин ирэх биз ээ” гэж үзээд тус компанид түүнээс хойш хандалгүй өдий хүрэв. Харин ураны хайгуултай холбоотой цөмийн зөрчлүүдийн эсрэг бусад зохих алхмуудыг хийж ирсэнээ уншигчдадаа толилуулахаар шийдлээ.
2012.5.25-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд, тус аймгийн засаг даргын захирамж, удирдамжийн дагуу төрийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтыг “Кожегоби” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн. “Кожегоби” ХХК, түүний гэрээт гүйцэтгэгч “Уран дриллинг” ХХК, “Ордгео” ХХК:
-төлөвлөөгүйгээр: холбогдох бичиг баримтыг бүрдүүлгэлгүйгээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан;
-зөвшөөрөлгүйгээр: хусмал зам тавьсан, хаягдал шавар асгах цэг нээсэн, худаг гаргасан, шавар зуурах нүх ухсан;
-шаардлагагүйгээр олон салаа зам гаргасан;
-заг булгалж сүйтгэсэн;
-туршилтын ISR олборлолт явуулдаг талбайд ургамал ургадаггүй халцгай газрууд үүсгэсэн;
-ногоон байгууламж байгуулдаггүй;
-монгол ажилчидтай хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, хөдөлмөр хамгааллын хувцас, цацраг хэмжигч өгдөггүй;
-ойр орчмын өвөлжөө хаваржаануудад төрөл бүрийн гажиг согогтой төл олноор төрөх болсон зэрэг ноцтой зөрчил, үр дагаврууд илэрчээ.
-Мөн аймгийн тусгай хамгаалалттай (1997 оноос) Богд уулын талбайг бүхэлд нь буцаах, сумын тусгай хамгаалалттай (2006 оноос) Хар загийг хайгуулын талбайгаас чөлөөлүүлэх орон нутгийн захиргааныхны саналыг,
-Баянбогд, Нүдэн, Аргалант багуудын Багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдийн зүгээс удаа дараалан тавьсан, “Кожегоби” ХХК-ийг орон нутагтаа ажиллуулахгүй гэсэн саналыг үл ойшоосоор иржээ.
Түүнээс хойш удалгүй, 5-р сарын сүүлээр, аймгийн БОХХ-ны салбар зөвлөлийн тэргүүлэгчид Anti Nuclear Movement Mongolia хөдөлгөөний идэвхтнүүд, ТВ9 телевизийнхний хамт очиж ажиглалт хийхэд:
-өрөмдөлт хэрэглэсэн бохир ус хадгалах нүхээ гялгар уутаар доторлосон ч, тэр нь урагдаж цоорон, бохир ус хөрсөнд шингэж байсан,
-өрөмдлөг хийж буй газарт ашиглаж буй усанд цацрагийн хэмжээ байгальд байвал зохих хэмжээнээс 4 дахин их байсан зөрчлүүд нэмж илэрчээ.
Удалгүй “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн уг газар очиж ажиглалт хийхэд, өмнө яригдсан зөрчлүүд ажиглагдсан байна.
2012.08.24-нд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Засаг даргын ажлын албанаас зохион байгуулж, шалгалтын баг гарган “Кожегоби” ХХК, түүний гэрээт гүйцэтгэгч “Говьгео” ХХК-иудын үйл ажиллагаатай танилцахад:
-цооног тус бүрийн байршлыг харуулсан зураглалгүй;
-цооногуудыг өрөмдөж дууссаны дараа хүлээлгэж өгөх ажил хангалтгүй;
-шаврын цэг дүүрснийг цэвэрлээгүй;
-байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний энэ жилийн зардлын 50 хувийг орон нутгийн дансанд оруулаагүй зэрэг зөрчил илэрчээ.
2012 оны 12-р сарын 27-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн үхэр сэжигтэйгээр үхэж байна гэсэн мэдээллийн дагуу Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ), Цөмийн энергийн газраас хүмүүс очсон. Бяруу олноороо үхэх болсон шалтгаан ураны хайгуултай холбоотой гэж тогтоогдоогүй, холбоогүй ч гэж тогтоогдоогүй байна.
Ер нь “Кожегоби” ХХК-ийн ураны хайгуул хийдэг талбайнуудын орчим нутагладаг малчдаас, компанийн үйл ажиллагаанд гарсан олон тооны зөрчлийн талаар дуулддаг.

2012.3.10-нд Улаанбадрах сумын малчидтай уулзахад гажиг согогтой төл суурь болгонд төрж байна, урд эрүүл сайхан нутагт минь ийм зүйл тохиолдож байгаагүй гэж ярьж байсан.
Ийм байхад “Кожегоби” ХХК манайх зөрчил гаргадаггүй, бүх юм ёсоороо байгаа гэж мэдэгддэг нь зүйд нийцэхгүй байна.
2013.1.8-нд Байгаль орчин, ногоон хөгжлийн яаман (БОНХЯ) дээр болсон БОНХЯ, МБОИЗ, ЦЭГ-ын төлөөллийн уулзалт дээр, тус компанийн үйл ажиллагаанд өргөн хүрээтэй шалгалт хийх асуудал шийдэгдсэн болно.
Учир иймд, тус компани:
1-рт, өргөн хүрээтэй шалгалтынхантай хууль дүрмийн дагуу ажиллаж, алдаа зөрчлөө нуун дарагдуулах оролдлого хийхгүй байх;
2-рт, Төрийн болон төрийн бус байгууллагынхны илрүүлсэн алдаа зөрчлүүдийн талаар тайлбар өгөх, арилгах чиглэлээр ажиллаж, нутаг орныг эрүүл, аюулгүй амьдрах орчинтой болгон нөхөн сэргээлт хийх, орон нутгийнхны хохирлыг барагдуулах;
3-рт, нутгийн ард иргэдийн саналыг хүндэтгэн үзэж, Улаанбадрах суманд ураны хайгуул, туршилтын олборлолт хийхээ зогсоох шаардлагатай юм.
Монгол улсад 80 гаруй ураны лицензээр хайгуул хийгдэж байна. Ганц “Кожегоби” компани л ийм зөрчил гаргаж байхад, ураны хэдэн арван уурхай нээгдэж, шар нунтаг үйлдвэрлэгдвэл яах вэ. Монгол орон тэр аяндаа цөмийн аюултай бүс болж сөнөж мөхнө гэсэн үг.
Албан ёсны шалгалтуудаар илэрсэн “Кожегоби” компанийн зөрчлийг л албан ёсны зүйлд ярих болдог. Тэгвэл малчид хэчнээн ноцтой зөрчлүүдийн талаар ярьдаг гэх вэ. ТВ9-ийнхэнд ураны хайгуулаас болж нэг хүн, 600-700 ямаа үхсэн гэсэн байсан.
Гэтэл УИХ-ын О.Чулуунбат гишүүн сүүлийн 20 жилд атом цөмийн салбараас болж нэг ч хүн нас бараагүй, Монголд хариас мөнгө авсан хөлсний этгээдүүд жагсаал цуглаан хийсэн гэхчлэн ярьж явна.

Зөвхөн Фукушимагийн ослоос болж, цацрагт хордсон, яаралтай нүүлгэн шилжилтийн аяыг даагаагүй 600 гаруй хүн нас барж, цаашдаа энэ ослоос болж хүнд өвчтэй болсон мянга мянган хүн үхэх болоод байна.
Харин Монголд цаг заваа зохицуулан, халааснаасаа хэдэн төгрөг илүүчилж нийлүүлэн тэмцэх хүмүүс олдож байгаа нь завшаантай хэрэг бус уу. Бүх хүнийг өөр шигээ санан, явцуу ойлголттой болон мунхрах нь манай олигархиудад түгээмэл. Ард түмнийхээ төлөө сэтгэл зовнихоо больсон, харийнхантай нийлж цөмийн бялуу хүртэх гээд гүйж явсан энэ хүнийг цөмийн эсрэг идэвхтнүүд шүүхэд өгөхөөр бэлтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>