Өвөрмонгол яахав ээ.., хөөрхий Малавигийн Ерөнхийлөгч бурхан болчихоод.

4 дүгээр сарын 2-нд Өвөрмонголын Найман хошууны Түлээт гацаанд газар нутгийн төлөө тэмцэл хөдөлгөөн өрнөж, жагсаалд оролцсон 22 хүнийг хятадын цагдаагийнхан баривчилсан тухай мэдээлэл интернетээр нэг тарсан юм. Мэдээллийн анхны эх сурвалж нь  Өвөрмонголын хүний эрхийн мэдээллийн төв SMHRIC  бөгөөд тэндээс англи хэл дээр түгээсэн мэдээллийг BBC, VOA зэрэг дэлхийн томоохон агентлагууд дамжуулсаар байсан.   SMHRIC  нь өвөр монголд өрнөж байгаа сүүлийн үеийн мэдээллийн байнга дамжуулж байгаа ба Tolerance.ca  болон Азийн чөлөөт радио зэрэг олон сайтуудад тэдний түгээсэн мэдээллийн мөрөөр сурвалжилдаг юм.

Харин хувь заяаны эрхээр хил юугаан хэрчүүлж, бусдын дарангуйлал дор толгой гудайн яваа элэг нэгт ахан дүүсээ ийм их зориг зүрх гарган тэмцсэнийх нь төлөө бахархан дэмжих учиртай эрх чөлөөт Монгол улсын сэтгүүлчид, тэр тусмаа Үндэсний том хэвлэл хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг телевиз, радио сонинууд таг дуугүй суусаар өнгөрөв.

Хажуу бөөрөндөө орших ах дүүсдээ учраад буй аюул заналыг үл тоох атлаа хаа байсан Малид болсон үймээн самууныг сэтгэл зовнин бичиж, Малавийн Ерөнхийлөгчийг гэнэт бурхан болсонд нулимс унагах дөхөн харуусч, үхлийн шалтгааныг тодруулах ажлын хэсэг-ийнхнээс тодруулга авсан мэт шуурхай мэдээлэх нь гайхалтай, манай  ТВ-үүд.

Өвөрмонголчуудын энэ тэмцэл анхных биш, баривчлагдаж хоригдсон нь зөвхөн энэ 22 хүнээр хязгаарлагдахгүй билээ.

Өнгөрсөн зунаас хойш өрнөсөн бослого хөдөлгөөн үе үе ийн хурцдаж нутаг ус, бэлчээрийнхээ төлөө малчин залуус /Мэргэн, Зоригт нар/ амь насаа золиослон байж тэмцсэнийг эрх чөлөөт Монгол улсын хэвлэлүүд л бараг дуугараагүй болохоос дэлхийн бусад орны томоохон хэвлэлүүд дамжуулсаар ирсэн.

Найман хошууны Түлээт гацааны тариаланч малчдын энэ удаагийн тэмцэл Хятадын засгийн газрын мэдлийн Xing Long Gao хэмээх ойжуулах аж ахуй нутгийн ардуудын эдлэн газарт хууль бусаар халдсанаас үүдэлтэй юм байна. Бослого тэмцэлд оролцогсдыг тараахаар 30 гаруй машинтай 80 гаруй бүрэн зэвсэглэсэн цагдаа нар Түлээ гацаанд ирж, босогчдын балмадаар зодож, 22 хүнийг баривчилжээ.

Интернетээр энэ мэдээлэл тарж эхэлснээс хойш дэлхийн өнцөг булан бүрээс элэг нэгт ахан дүүсээ өмгөөлсөн монголчууд фейсбүүкээр санаа бодлоо солилцож, тэднийг дэмжиж дуу хоолойгоо хүргэсэн. Хүн бүхэн өөрийн чадах зүйлээрээ бага ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө хэд хоног ажилласан идэвх зүтгэлтэй FB-чдэд энэхүү бэсрэг нийтлэлээрээ дамжуулан талархал илэрхийлье.  Зарим нь монгол бичгээр гаргасан уриалга бичгийг кирилл үсгээр буулгаж,  дуулгая мэдүүлэе гэсэн хэн хүндээ ойлгогдох, уншиж болох хэл дээр үйлдэн түгээсэн байна. Энэ бол эх орноо зүрх сэтгэлдээ ямагт дээдэлж явдаг монгол угсаатны  өнөө үеийнхний тэмцлийн нэгэн өвөрмөц хэлбэр гэж ойлгогдож байна.

Босогчдын зоримог тэмцэлийг гадаад дотоодын хэвлэлүүдийн бараг зэрэг мэдээлсэн нь дэлхийн дахины сонорт шуурхай хүрч, үр дүнд нь хятадын засаг захиргааныхан, шоронд барьж хорьсон хүмүүсийг суллах шийдвэрийг арга буюу гаргахад хүргэжээ.   Гэхдээ тэд зүгээр суллаад орхичихоогүй гадаад дотоодын хэвлэлд мэдээлэл тараасан хүнийг олж шийтгэхээр, эрэн сурвалжлах дараагийн ажилдаа ороод байгаа гэсэн. Сэжиг бүхий хүний утас болоод бусад гадаад холбоог таслах, интернетэд орох эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээг авдаг бололтой.

Доор толилуулан буй уриалгын бичгийг арван жилийн сургуулийн хүүхдүүд, ард нийтэд хандаж уриалсан нь анхаарал татсан юм. Монгол үсгээр хэвлэсэн уг уриалгыг кириллээр буулгасныг мөн үзүүллээ. мэргэн уншигч та бүхэн өөр өөрийнхөөр тунгаан болгоох буй за.

уриалга монгол бичгээр

Найман хошууны Түлээт гацааны баатар монголчуудаа дэмжих уриалга

Хорчин нутгийн эрэлхэг монголчууд аа! Бид бол нутаг усаа хамгаалахын төлөө алтан амиа зориулж явсан дайчин баатар Гад Мэйрэний үр удам аа!

Эдүгээ найман хошууны Түлээт гацааны баатар ард түмэн газар шороогоо хамгаалж нутаг усандаа эзэн суухын төлөө эрэлхэгээр босч байна. Хууль ёсны эрх ашгаа хамгаалах гэсэн эдгээр монгол ах дүү нарыг маань дотоодыг хамгаалах товчооны цагдаа ёс бусаар баривчлан хорь гаруй хүмүүсийг түр хорьж, цус нөжийг нь гартал зодож, хэд хэдэн хүнийг хүнд шархдуулжээ. Одоо дотоодыг хамгаалах болон амарыг хамгаалах товчооныхон шудрага ёсныхоо төлөө тэмцэж байгаа эдгээр баатарлаг монголчуудад маань Улсын нэр нүүрийг гутаасан гэх инээд хүрмээр том малгай өмсгөж, хоёр хүнийг одоо болтол хорин тамлаж байх мөртөө суллагдсан монголчуудад Газрыг чинь буцааж өгөхгүй, дахиад газрын асуудлыг яасан ч дурдаж болохгуй, дурдвал танай муусайн тэнэг монголчуудыг бүгдийг барьж хорино! гэж айлган сүрдүүлж гутаан доромжлов.

Эзэн Чингисийн хойч эрэлхэг Гадын үрс бид ийм их ёс бус дарлал сүрдүүлэл болон гутаан доромжлолыг хэрхэн хүлээн тэвчиж суух билээ!

Босоцгоо! Газар шороо, нутаг ус, хууль ёсны эрх ашгийнхаа төлөө Босоцгоо!

Оршин тогтнох орон зайныхаа төлөө Монгол сурагчид бид бүгдээрээ хичээл хаяж, талбайд гарч Гад Мээрэнгээ дуулж, сүрт жагсаал явуулна.

Хотын Монголчууд минь ажил хаяж биднийгээ дэмжээрэй! Хөдөөний Монголчууд минь хотод ирж жагсаалд оролцоорой!

Тунглиао хотын анх, дээд зэргийн дунд сургуулийн Монгол сурагчдын чөлөөт холбооны гурван зуу гаруй сурагчдаас.

2012 оны 4-р сарын 5-ны өдөр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>