Хог хаягдал, С.Жавхлан

Хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа хамгийн хүндрэлтэй асуудал юу вэ гэж асуувал магадгүй бүгд дуу нэгтэйгээр байгаль орчны бохирдол, түүнээс үүдэлтэй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт /дулаарал/ гэж хэлэх байх. Тийм ч учраас бид юун түрүүнд хүрээлэн буй орчноо хамгаалах, түүний бохирдуулж буй хүчин зүйлстэй тэмцэх хэрэгтэй. Иймээс ч дэлхийн улс орнууд байгаль орчныг хамгаалахын тулд олон төрлийн санал санаачилга гаргаж байгаагийн дотор хүрээлэн буй орчныг ихээр бохирдуулдаг хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлыг менежементийн бий болгох тал дээр хүчин чармайлалт тавьж ажиллаж байна.
Манай улсад байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг дахин боловсруулахын ашиг тусын талаар ярьж эхлээд байгаа нь сайшаалтай авч нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар дорвитой үр дүн төдий л гарахгүй байна.
Тэгвэл бид хог хаягдалыг хэрхэн багасгах вэ?
Нийслэлийн хотын хэмжээнд 1 жилд 340 мянган тонн хог хаягдал гардаг ба энэ их хог хаяглын дөнгөж 75 хувийг л ачиж цэвэрлэн /дахин боловсруулалт хийлгүйгээр/ шууд хогийн цэгт хаядаг байна. Нийслэлийн хотын хүн ам жилд дунджаар 38.66 мянгаар өсдөг, 1 хүн өдөр дунджаар 0,354-0534 кг хог гаргадаг зэрэгтэй уялдуулан дүгнэж үзвэл хотын маань хог хаягдлын хэмжээ буурна гэж үгүй. Харин бид өөрсдөө санаачилга гаргаж бодитой ажлыг эхлүүлж чадваас дээрх үр дүнг өөрчлөх нь гарцаагүй.
Нийтдээ 19 га орчим талбайг бүрхээд байсан Улаанчулуутын хогийн цэгт хуримтлагдсан хогоос салах арга нь ямар нэгэн боловсруулалт хийлгүй булж устгах л арга хэмжээ авч байна. Хөгжингүй орнуудад хогийг 100 хувь дахин боловсруулах технологит аль хэдийнээс шилжсэн. Харин манайд хогоо дахин боловсруулах нь байтугай бэлэн байгаа түүхий эдээ ашиглаж чаддаггүй. Тэгвэл энэ байдлыг өөрчилж хог хаягдлын 18%-ийг эзэлж байгаа цаасан хаягдлын хэмжээг бууруулах, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгомж бидэнд байна. Нөгөө талаас нь улс орнууд цаас үйлдвэрлэхдээ дэлхийн эко системийн тэнцвэрийг хадгалж байдаг модыг үндсэн түүхий эд болгон ашигладаг, иймээс цаасыг дахин боловсруулсанаар модыг тайрагдахаас аварна.
Цаас бол микро организмын нөлөөгөөр задардаг материал учраас хаягдал болсон тохиолдолд ялзарч өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд метан хэмээх нүүрсхүчлийн хийгээс 23 дахин хүчтэй хорт хийг ялгаруулж, дэлхийн дулааралд тэр хэмжээгээр сөргөөр нөлөөлнө. Хэрвээ 1 тонн цаасыг шатаавал 680 кг нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг.
1 тонн цаасыг дахин боловсруулснаар :
• 17 мод тайрагдахаас сэргийлж чадна.
• 4.2 МВт/ц энерги хэмнэнэ. Энэ нь дундаж хэмжээний хувийн орон сууцыг 2 жил цахилгаанаар таслахгүй хангах хэмжээний энерги юм.
• 26460 л ус хэмнэнэ. Энэ нь суултуурын усыг 2000 удаа татсантай тэнцэх хэмжээний ус болно.
• 3 м3 хэмжээний цаасны хог хаягдлаас сэргийлнэ.
• 27 кг агаарын бохирдлоос сэргийлж чадна.
Цаасыг дахин боловсруулах боломж:
Өдөр бүр хэдэн зуун кг хаягдал цаасыг бид үйлдвэрлэдэг. Уншаад дууссан сонин, ноорог хийсэн цаас гээд л..
Тэгвэл хаягдал цаасыг боловсруулан ариун цэврийн цаас, амны цаас зэрэг цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 14 үйлдвэр Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.
Яагаад бид ажилийн байран дээрээ хаягдал цаасаа цуглуулаад үйлдвэрүүдэд тушааж, түүхий эд нийлүүлснийхээ хариуд уг үйлдвэрээс гарч байгаа ариун цэврийн болон амны цаасыг нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр авч болохгүй гэж. Ингэж чадвал эдийн засгийн хувьд хэмнэлтэй, байгаль орчинд ч ээлтэй.
Нэг жишээ:
Би хэдэн найзтайгаа хамт “Хаямааргүй байна, ашигламаар байна” төслийг хэрэгжүүлсэн юм. Төслийн зорилго нь хаягдал цаасыг бууруулах явдал байлаа. Бид төслөө ХААН банкин дээр хэрэгжүүлсэн бөгөөд 2 сарын хугацаанд нийт 1,5 тонн хаягдал цаас цуглуулж чадсан юм. 1,5 тонн хаягдал цаасыг бид хаягдал цаас боловсруулах үйлдвэрт өгч оронд нь 560 ширхэг 00 цаас авсан.
Ингэснээр бид төслийн хоёрдох зорилго болох Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний төвийн нярайн тасгийн ариун цэврийн цаасны хэрэглээг хангах шинээр мэндэлсэн хүүхдүүдэд туслах ажилаа амжилттай биелүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл бид хог хаягдалыг багасгаж, эдийн засгийн хэмнэлт хийгээд зогсохгүй ирээдүйн эх орны эзэд бяцхан дүү нартаа тусалж чадсан.

Эцсийн дүндээ яг өнөөдрөөс эхлээд бид цаасыг хог хаягдал гэж хархаа болих хэрэгтэй. Цаас бол мод гэдгийг ойлгож амьд байгалаа хайрлая. Цаас бол мөнгө гэдгийг ухаарч үрэлгэн байдалдаа цэг тавья.
Цаасыг хог гээд хаях биш хэн нэгэнд туслах тусламж болгож, байгаль орчноо, хүрээлэн буй орчноо цэвэр, цэмцгэр байлгахад өөрсдийн хувь нэмрийг оруулья.

ОВОГ: Сандагдорж
НЭР: Жавхлан
Холбоо барих утас: 99156411

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>